Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын шатарчин өрсөлдөгчөө мөнгөн усаар хордуулахыг завдсан хэрэгт буруутгагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өрсөлдөгчөө мөнгөн усаар хордуулахыг завдсан хэрэгт сэжиглэгдсэн Оросын шатарчин эмэгтэй шалгагдаж эхэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Дагестаны нийслэлд болсон шатрын тэмцээний үеэр түүний үйлдэл хяналтын камерт бичигдсэн нь илэрсэн юм байна.

Хэрвээ буруутай нь тогтоогдвол Амина Абакарова үлдсэн насандаа шатрын тэмцээнд оролцох эрхгүй болж магадгүй ажээ.

Мөрдөн байцаалтын үр дүнг гартал Абакароваг ямар ч уралдаан тэмцээнд орохыг нь хориглоод байгаагаа Оросын Шатрын Холбоо өчигдөр мэдээлсэн байна.

Сошиал сүлжээнд тарсан хяналтын камерын 34 секундийн урттай бичлэгээс Абакарова тэмцээн болох эзгүй танхимд орж ирээд эргэн тойрноо харсны дараа бэлдсэн хөлгүүдийн нэгийг ямар нэг бодисоор арчаад гарсан нь харагджээ.

Энэ үйл явдал өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Дагестаны нийслэл Махачкала хотын Шатрын Ордонд болсон тухай Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Абакаровагийн хордуулсан хөлөг дээр тоглосон тамирчны бие тэмцээний үеэр муудаж, зохион байгуулагчид цагдаад ханджээ.

Хордсон шатарчин нь Умайганат Османова болохыг эх сурвалжууд мэдээлсэн байна.

“Тэмцээний үеэр Османовагийн бие муудаж, эмнэлгийн тусламж авсан. Өөр хэн нэгэн хохироогүй. Одоогийн байдлаар тэмцээнд оролцогчид болон зочдын амь насанд аюул учраагүй. Би бас бусдын адил болсон явдалд цочирдоод байна. Одоо тэр (Абакарова) хийсэн үйлдлийнхээ төлөө хуулийн өмнө хариуцлага хүлээх болно” гэж Дагестаны спортын сайд Сажид Сажидов сүүлд хэвлэлд ярьжээ.

Тэмцээний үеэр Османова шатрын хөлгийнх нь доогуур ямар нэг жижиг бөмбөлгүүд өнхөрч байгааг харснаа Известия сонинд ярьсан байна.

“Миний бие муудаж эхэлсэн. Амьсгал давчдаж, агаар дутагдаж байсан. Юу болоод байгааг би ойлгоогүй” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: NBC News