Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тамирчин коронавирусийн халдвар авсан ч хүрэл медаль зүүжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Парисын наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд түрүүлж байсан АНУ-ын тамирчин Ноа Лайлз өчигдөр 200 метрийн зайд хүрэл медаль зүүжээ.

Гэхдээ тэр коронавирусийн халдвар авснаа өрсөлдөгчдөөсөө нууж уралдаад ийм амжилт үзүүлсэн байна.

Лайлз энэ олимпын наадмын 100 ба 200 метрийн уралдаанд түрүүлж, нэг олимпын богино зайн хоёр уралдаанаас хоёр алтан медаль зүүсэн 10 дахь тамирчин болж, түүхэнд бичигдэх зорилготой ирсэн ч Covid-19 саад болжээ.

Хамгийн сүүлд Ямайкын домогт тамирчин Усайн Болт ийм амжилт гаргаж байсан юм.

Мягмар гарагийн өглөө Лайлзын шинжилгээний хариу эерэг гарч байжээ.

Өчигдөр Лайлз уралдааны дараа тэргэнцэр дээр түрүүлэн замаас гарснаас харвал өвчин түүний амжилтад үнэхээр нөлөөлсөн нь илт байлаа.

зураг
 

“Би шөнөжин ханиалгаж хоносон. Би ковидтой хүрэл медаль зүүсэндээ юу юунаас илүү өөрөөрөө бахархаж байна. Уралдааны дараа миний толгой эргэж байсан. Амьсгал давчдаж, цээжээр өвдөж байгаад хэсэг хугацааны дараа дээрдлээ” гэж Лайлз сүүлд ярьжээ.

Тэрбээр 4х100, 4х400 метрийн буухиа уралдаануудад оролцох хуваарьтай байсан ч сүүлд цуцалсан байна.

“Үүгээр би 2024 оны олимпоо дуусгаж байна. Энэ бол миний мөрөөдөж байсан олимп биш, гэхдээ зүрх сэтгэлд минь маш их баяр баяслыг үлдээлээ. Үзүүлбэр бүгдэд таалагдсан гэж найдаж байна” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.

Лайлз энэ удаагийн олимпын наадамд дөрвөн алтан медаль зүүх том төлөвлөгөөтэй ирсэн юм.

Өнгөрсөн жил тэр дэлхийн аваргаас 100 м, 200 м, 4х100 м-ийн уралдаануудаас алтан медаль зүүж байв. Харин энэ удаа тэр энэ амжилтаа давтахаас гадна 4х400 м-ийн уралдааны алтан медалийг нэмж зүүх бодолтой байжээ.

Парисын Олимпын наадмын 4х100 метрийн буухиа Баасан гарагт, 4х400 метрийн буухиа уралдаан Бямба гарагт болох юм.

 

Эх сурвалж: BBC