БНСУ-ын Сөүл хотод "Kids Fashion Week 2024" хүүхдийн загварын шоу энэ сарын 18-наас 27-нд болно.
Ашгийн бус зөвхөн Өмнөд Солонгос Улсад амьдарч буй хүүхдүүдэд монгол ёс уламжлалыг таниулах зорилготой уг арга хэмжээнд Монголоос 5-17 насны 32 хүүхэд, Өмнөд Солонгос Улсад ажиллаж амьдарч буй монгол хүүхдүүдээс 30 гаруйг нь оролцуулахаар төлөвлөжээ.
Тус арга хэмжээг "Бяцхан мисс" олон улсын хүүхдийн байгууллага болон Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн Хөгжил, Хамгааллын Газар (НХГХХГ), Солонгос дахь монгол эмэгтэйчүүдийн холбоо, БНСУ-ын Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам хамтран ажиллаж байна.
Мөн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ), Сөүл хотын Сонбүг дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулж буйг онцоллоо.
Энэ талаар зохион байгуулагчид "Монгол хувцас, загварыг таниулах зорилготой уг загварын шоуны гол үйл ажиллагаа болох гала тоглолт энэ сарын 24-нд Сөүл хотын Сонбүг дүүргийн урлагийн зааланд болно.
Манай НХГХХГ-аас "Алсын Хараа-2050, мөн НЗДТГ-ын нийгэм, эдийн засгийн зорилтод хөтөлбөрт орсноор энэ жилийн урьдчилан сэргийлэх ажлын хувьд ихэвчлэн хүүхдийн хөгжил болон гэр бүлийн боловсрол олгох тал дээр 80 гаруй ажил хийж байна.
Энэ ажлын хүрээнд хувь хүний хөгжил болон хүүхдийн хөгжил дээр бид анхаарч ажилладаг. Зөвхөн БНСУ дахь загварын шоу төдийгүй цаашлаад АНУ-ын Нью-Йорк, Францын Парис хотод загварын долоо хоног зохион байгуулахаар ярилцаж буй юм.
Загварын шоуг Сонбүг дүүрэгт байдаг Тондог эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулна. Энэ их сургууль нь 1950 онд байгуулагдсан, соёл урлаг, хувцас дизайнаараа алдартай.
БНСУ-д анх 2020 онд буюу цар тахлын үед загварын тэмцээн зохион байгуулсан туршлагатай. Гэхдээ энэ удаагийнх загварын долоо хоног шоу болгон илүү өргөжүүлж байна" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!