Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Boeing компанийн хөлгөөр тойрог замд хүрээд "гацсан" сансрын нисгэгчид өөр хөлгөөр буцаж магадгүй болжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Boeing компанийн Starliner хөлгөөр анх удаа дэлхийн тойрог замд хүрсэн сансрын нисгэгчид техникийн саатлын улмаас Олон Улсын Сансрын Станцад байх хугацаагаа хэтрүүлээд удаж байна.

Тэгвэл тэднийг өөр хөлгөөр дэлхий рүү буцааж магадгүй болсныг NASA өчигдөр мэдэгджээ.

Барри Уилмор, Сунита Уиллямс нар зургаадугаар сарын 5-нд Boeing компанийн зохион бүтээсэн Starliner хөлгийн анхны нисгэгчид болж, дэлхийгээс хөөрсөн юм.

Тэд тойрог замд долоо хоног орчим ажиллаад буцах төлөвлөгөөтэй байсан ч Starliner хөлгийн техникийн доголдлын улмаас 60 гаруй хонож байна.

Өнгөрсөн хугацаанд Boeing болон NASA тэднийг өөр хөлгөөр дэлхийд буцааж авчрах боломжийг ярихаас зайлсхийж байсан юм.

Харин өчигдөр NASA-гийн сансрын үйл ажиллагааны газрын орлогч захирал Кеннет Боуэрсокс “Бид сансрын нисгэгчдийг зөвхөн Starliner хөлгөөр буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Бид тэднийг өөр хөлгөөр ч буцааж болно. Starliner-ийн туршилтын нислэгийг төлөвлөж байхдаа бид энэ хувилбарыг тооцсон. Тиймээс бид энэ замыг сонгож болно” гэж ярьжээ.

NASA-гийн арилжааны нислэгийн хөтөлбөрийн менежэр Стив Стич ирэх есдүгээр сард SpaceX компанийн Dragon Crew-9 хөлгийг хөөргөхдөө дөрвөн сансрын нисгэгчтэй биш, хоёр сансрын нисгэгчтэй тойрог замд илгээж, Уилмор, Уиллямс нарыг буцааж авчрах боломжтой тухай ярьсан байна.

Уг хувилбар албан ёсоор баталгаажаагүй байгааг Стич бас ярьжээ.

Boeing компанийн Starliner хөлөг одоо Олон Улсын Сансрын Станцаас автоматаар салах боломжгүй байгааг тэр баталсан юм.

Ингэхийн тулд программыг нь шинэчилж, Boeing-ийн нислэгийн хяналтын төвийн ажилтнуудыг дахин сургах хэрэгтэй болж байгаа ажээ.

NASA 2014 онд сансрын нисгэгчдийг нь тойрог замд хүргэх болон буцаах ажлыг хувийн хэвшлийн компаниудад даалгах зорилгоор Boeing, SpaceX компаниудыг шалгаруулж, их хэмжээний мөнгөөр захиалга өгч байв.

$2.6 тэрбумын санхүүжилт авсан SpaceX компани дөрвөн жилийн өмнө даалгавраа биелүүлж, одоо NASA-гийн сансрын нисгэгчдийг зөөх ажлыг голлон гүйцэтгэж байгаа.

Харин үүнээс хавьгүй илүү буюу $4.2 тэрбумын санхүүжилт авсан Boeing компани олон удаа хойшлуулсны эцэст зургаадугаар сард Starliner хөлгөө анх удаа сансрын нисгэгчидтэй хөөргөсөн нь одоо тойрог замд саатаад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters