ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын олимпыг зохион байгуулагчид нээлтийн үзүүлбэрийн үеэр Загалмайн шашинтнуудыг гомдоосондоо уучлал гуйв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт болж өнгөрсөн Парисын зуны олимпын наадмын нээлтийн үеэр Леонардо Да Винчийн “Сүүлчийн оройн зоог” нэртэй алдарт уран зургийг элэглэсэн үзүүлбэрийг толилуулсан юм.

15 дугаар зууны энэ уран бүтээлд Библийн сударт бичигдсэн Есүс Христийг цовдлуулахаас өмнөх үйл явдлыг харуулдаг.

Харин олимпын зохион байгуулагчид үүнийг трансжендер болон эсрэг хүйстнийхээ хувцсыг өмссөн моделиуд, эртний Грекийн бурхны дүртэй нүцгэн дуучин зэрэг дүрүүдээр орлуулсан юм.

Энэ нь Загалмайн шашны байгууллагууд, сүм хийдүүдийн зүгээс нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа.

Тухайлбал Францын Католик сүм хийдийн захиргаа энэ үзүүлбэрийг “Загалмайн шашныг доромжилж, тохуурхсан үйлдэл” гэж мэдэгджээ.

АНУ-ын харилцаа холбооны C Spire компани уг үзүүлбэрийн дараа олимпын наадмаас зар сурталчилгаагаа татах болсныг зарласан байна.

Нээлтийн ажиллагааны найруулагч Томас Жолли “Энэ бол Олимпын бурхдын найр наадмыг харуулсан үзүүлбэр. Миний бүтээлээс хэн нэгнийг элэглэн тохуурхах, доромжлох санааг олж харахгүй. Би хүмүүсийг нэгтгэдэг, эвлэрүүлдэг ёслолын арга хэмжээг харуулахаас гадна манай Бүгд Найрамдах улсын эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүсийн найрамдлыг эрхэмлэдэг үнэт зүйлсийг харуулахыг зорьсон юм” гэж тайлбарлажээ.

Парис 2024 наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Анна Дешам өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Энд аль нэг шашинд хүндэтгэлгүй хандах ямар ч санаа байгаагүй нь тодорхой. Харин эсрэгээрээ Томас Жолли бусдыгаа хүлээн зөвшөөрөх нийгмийн хүлцэнгүй байдлыг магтан дуулах зорилготой байсан гэж би бодож байна. Хэрвээ хэн нэгнийг гомдоосон бол бид чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC