Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны ерөнхийлөгчийн сонгуульд шинэчлэгч Масуд Пезешкян яллаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт болж өнгөрсөн Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатанд реформист нэр дэвшигч Масуд Пезешкян ялалт байгуулжээ.

Түүний өрсөлдөгч хэт консерватив нэр дэвшигч Саид Жалили байсан юм.

Сонгогчдын 49.8 хувийн ирцтэй болсон сонгуульд 30 орчим сая хүн санал өгсний 17 сая гаруй нь Пезешкяныг, 13 гаруй сая нь Жалилийг сонгожээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулийн эхний шатны санал хураалт Ираны түүхэнд байгаагүй бага ирцтэй байсан юм.

Ираны хэт консерватив ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэний дараа ээлжит бус сонгууль зарлагдаж байв.

Нэгдүгээр шатны санал хураалтад Ираны 61 сая бүртгэлтэй сонгогчийн 40 орчим хувь оролцсон нь 1979 оны Исламын хувьсгалаас хойших хамгийн бага ирц болсон юм.

Энэ шатанд цорын ганц реформист нэр дэвшигч Пезешкян 42 хувь, хуучинсаг үзэлтнүүдээс Жалили 39 хувийн саналаар дараагийн шатанд шалгарч байжээ.

Саяхныг хүртэл олонд төдийлөн танигдаагүй байсан Пезешкян олон жил хэт хуучинсаг удирдагчтай байсан Ираны ард иргэдэд найдвар төрүүлж байна.

69 настай зүрхний мэс засалч Пезешкян бүтээлч харилцааг Өрнөдийн орнуудтай бий болгох, цөмийн хэлэлцээрийг шинэчлэх замаар Ираныг ганцаардлаас гаргахыг уриалж байсан юм.

Тэр бас олон жил үргэлжилсэн интернэтийн хаалт хязгаарлалтыг цуцлахаа амлаж, эмэгтэйчүүдийн хувцаслалтыг хянадаг ёс зүйн цагдаагийн эргүүлийн үйл ажиллагааг эрс шүүмжилж байжээ.

Гэхдээ ажиглагчид Ираны гадаад бодлогыг Пезешкян эрс өөрчилж чадахгүй гэж үзэж байна.

Ираны ерөнхийлөгчийн дээр шашны дээд удирдагч Аятолла Али Хамени заларч, улс орныхоо дотоод, гадаад бодлоготой холбоотой эцсийн шийдвэрийг гаргадаг юм.

 

Эх сурвалж: AFP