Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Халалтын дараа усархаг бороо орвол үер болох магадлалтай"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цаг уурын байгууллагаас өнөөдөр баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, Улаанбаатар, Тэрэлж, Багануур орчмоор дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун байсан. Халалтын дараа усархаг бороо орвол үер болох магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Үертэй байгаа голууд:

Долдугаар сарын 4-ний байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгджээ.

Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшнийг 5-45 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшнийг 60 см-ээр давсан байдалтай байна.

Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10, 11-ний үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшнийг 10 см орчим давах магадлалтай. Иймд Хэрлэн голын дагуу ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татмаас холдож нүүхийг зөвлөлөө.

  • Алтайн нуруунаас эх авсан Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшнийг 15-30 см
  • Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшнийг 15 см даван үерлэжээ.

Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, голдирол дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ