Уншиж байна ...

"Үндэсний эвслийн сонгуулийн штабын байранд олон тооны техник тоног төхөөрөмжтэй иргэд байсан нь тогтоогдсон"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Үндэсний эвсэл"-ийн сонгуулийн штабын байранд явуулж буй хойшлуулшгүй ажиллагааны талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цагдаагийн байгууллагад зургаадугаар сарын 25-ны 12:22 цагт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөлмөрчдийн эвлэлийн ордонд гэмт хэргийн шинжтэй үйлдэл явагдаж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. 

Мөн өдрийн 13:23 цагт сэтгүүлчид байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад байна гэх дуудлага мэдээлэл нэр бүхий иргэнээс ирсэн. 

Иргэдээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс алба хаагчид очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. 

Шалгалтын явцад одоогоор тухайн байранд олон тооны компьютер, техник тоног төхөөрөмжийг суурилуулж, иргэд байрласан асуудал тогтоогдсон. 

Ямар зорилгоор тухайн байранд байрласан, ямар үйл ажиллагаа явуулж байсан талаарх шалгалт явуулж байгаа.

Цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргийн хүрээнд иргэн, байгууллагаас ирсэн гомдол мэдээлэл бүрийг шалгах үүрэгтэй" хэмээн ярилаа.