Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Эйфелийн цамхгийг олимпын цагаригаар гоёв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Францын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхагт "Парис 2024" олимп нээлтээ хийхээс 50 өдрийн өмнө таван цагаригийг байршууллаа. Нийт 29 метр урт, 15 метрийн өндөртэй сайжруулсан гангаар хийсэн олимпын бэлгэдлийг Сена мөрний зүг харуулжээ.

Олимпын цагаригийг Эйфелийн цамхагт байршуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Гүйцэтгэлийг нь ган үйлдвэрлэгч томоохон групп болох "ArcelorMIttal" хийсэн юм. 

"Парис 2024" олимпын нээлт ирэх долдугаар сарын 26-нд Сена мөрөнд болно. Энэ үеэр дарвуулт завиар зургаан км үргэлжилсэн жагсаалд 10,000 орчим тамирчин, арын албаныхан оролцох юм.

Эйфелийн цамхаг олимп болон паралимпын наадамд чухал нөлөө үзүүлж буй.

Тодруулбал Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон “Афин 1896” анхдугаар олимпын наадам өрнөсөн “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхгийн дүрсийг багтаасан байна. Харин ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газар дахь Францыг санагдуулах зургаан өнцөгтийг урлажээ.

“Парис 2024” олимп болон паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй байх юм. Медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 грамм төмөр агуулсан. Тухайлбал алтан медаль 529 грамм (цэвэр алт зургаан грамм), мөнгөн медаль 525 грамм, хүрэл медаль 455 грамм жинтэйгээр нийт 5,084 ширхэг хийх аж.

 

 Эх сурвалж: Inside The Games