"Алтай" хотхоны хажуугийн "Шунхлай" ШТС-ын барилгыг өнгөрсөн жил буулгаж, буурин дээр нь үерийн хамгаалалтын байгууламж барихаар болоод буй. Уг ажлын явцын талаар албаны хүнээс тодруулав.
Энэ талаар "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын инженер "Энэ жил үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засварын ажлын хүрээнд "Алтай" хотхоны гүүрнээс "Шунхлай" ШТС-ыг буулгасан хэсэгт 3.2 метр өндөр, 207 метр урттай далан барих юм. Үүнээс гадна тухайн хэсгийн голын хагшаасыг авч, "Алтай" хотхоны гүүр хэсэгт нэмэлт өндөрлөгөө хийнэ. Ингэснээр ус халих эрсдэлийг багасгана.
"Шунхлай" ШТС-ыг буулгасан хэсгийн далангийн хөрс сул байгаа. Үерийн далан барьснаар энэ нь голын усанд идэгдэхээс хамгаалагдах юм.
"Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын ажилтнууд "Шунхлай" ШТС-ын буурин дээр үерийн хамгаалалтын даланг барих ажлыг гүйцэтгэх бөгөөд талбайн бэлтгэл ажил дууссан. Одоо үндсэн барилга угсралтын ажил эхлэх гэж байна. Хүн хүч техникийн хувьд өөрсдийн дотоод хүчин чадлаараа гүйцэтгэнэ. Даланг долдугаар сарын 10-наас өмнө ашиглалтад оруулах юм" гэж тайлбарлалаа.
Улаанбаатар хот 163.2 км урт голын үерийн хамгаалалтын далантай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!