Уншиж байна ...

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр Нижний Новгород хотод зохион байгуулагдаж буй “Оросын дижитал аж үйлдвэрлэл” үзэсгэлэнг үзэж сонирхжээ.

Энэ үеэр үйлдвэрлэгчид нь “Волга” брэндийн автомашины цоо шинэ гурван загварыг ерөнхий сайд, түүний нэгдүгээр орлогч Денис Мантуров, үйлдвэр худалдааны сайд Антон Алиханов нарт бэлэглэсэн байна.

“Волга” брэндийн автомашины үйлдвэрлэл 2010 оноос хойш бүрэн зогссон юм.

Дахин мэндэлсэн шинэ загваруудыг Хятадын Changan брэндээс хуулбарлажээ.

Тухайлбал Волга С40 седан загвар нь Changan Raeton Plus, Волга К40 кроссовер загвар нь Changan Aushan X5, Волга К30 кроссовер загвар нь Changan Uni-Z загвартай тун адилхан болсон байна.

Мишустин энэ үеэр нэг автомашины бүхээгт суугаад дотоод эд ангиудаас аль алийг нь ОХУ-д үйлдвэрлэснийг асуужээ.

“Жолооны хүрдийг нь хаана үйлдвэрлэсэн бэ? Ядаж хүрд нь Оросынх баймаар байна. Энэ нь хурдны хайрцаг мэтийн бусад эд ангиудыг нутагшуулахтай адил хэцүү биш шүү дээ” гэж Мишустин хэлсэн байна.

Үйлдвэрийн төлөөлөгч “Яваандаа тийм болно. Одоогоор бүгд Хятадынх” гэж ерөнхий сайдын асуултад хариулжээ.

Мишустин автомашины хуванцар эд ангиудыг нутагшуулах боломжтойг энэ үеэр онцолсон байна.

“Алабуга хотод нийлмэл материалын үйлдвэр бий. Росатом үүнийг хийдэг. Өөр газрууд ч бий. Үйлдвэрлэхэд хэцүү биш эд ангиудыг Орост үйлдвэрлэдэг болмоор байна” гэж Мишустин хэлжээ.

Энэ үеэр шадар сайд Мантуров жолооны хүрдийг ОХУ-д үйлдвэрлэх боломжтойг баталсан байна.

Волга брэндийн автомашиныг үйлдвэрлэл 2024 онд эхэлж, 2025 оноос бүрэн жигдрэх ажээ. Уг брэндийг одоогоор Горькийн Автомашины Завод (ГАЗ) эзэмшдэг.

Харин үйлдвэрлэлийг нь Украины дайн эхлэхээс өмнө Volkswagen, Skoda брэндийн автомашин угсардаг байсан Нижний Новгородын үйлдвэр хариуцах юм байна.

Александр Подоплелов хэмээх хүний нэр дээр бүртгэлтэй “Производство Легковых Автомобилей” (ПЛА) компани уг үйлдвэрийг эзэмшдэг ба Волга брэндийг ашиглах эрхийг ГАЗ-аас авчээ.

Украины дайнтай холбоотой эдийн засгийн хоригийн улмаас Өрнөдийн автомашины компаниуд ОХУ-ын зах зээлээс гарсан. Тэдний орон зайг Хятадын үйлдвэрлэгчид эзэлж эхэлж байна.

Тухайлбал Францын Renault брэндийг угсардаг байсан Москвич үйлдвэр Хятадын JAC Motors компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: The Moscow Times