Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хотын дарга асан Д.Сумъяабазарт "Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй" гэдэг хариулт өгөв

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-МАН ямар шалгуураар УИХ-д нэр дэвшигчдээ тодруулах вэ?

-Манай нам энэ сарын 20-ны өдрөөр нэр дэвших ажиллагааг дуусгавар болгоно. Нэр дэвшүүлэх дотоод журмынхаа дагуу гишүүдийнхээ хүсэлтийг авсан. Хүсэлтээ өгсөн гишүүд маань орон даяар тойрч, намын анхан шатны байгууллагад ажиллан, өөрийгөө таниулсан. Энэ долоо хоногоос эхлэн анхан шатны байгууллагад харьяалагдаж байгаа нийт гишүүдийнхээ дунд тухайн бүсэд нэр дэвшихээр горилогчдын талаарх санал асуулгыг цахим хэлбэрээр явуулна.

Үндсэндээ 78 мандат дээр 140 орчим хүн хүсэлтээ өгсөн. Эдгээр хүмүүсийн олон нийтээс дэмжлэг авч байгаа байдлыг харгалзана. Хоёрдугаарт, намын анхан шатны байгууллагад харьяалагдаж байгаа гишүүдийн саналыг үндэслэн нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлнэ.

Хуулийн дагуу авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг аливаа нам нэр дэвшүүлэхгүй. Манай намын хувьд хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхийг сацуу намынхаа дүрэмд авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж заасан.

-Нэр бүхий хүмүүсийг намын гишүүнээс түдгэлзүүлнэ гэдэг мэдээлэл байгаа. Үүнийг тодруулбал?

-Хөгжлийн банкны асуудалд холбогдон яллагдагчаар татагдсан, шүүхээр таслагдсан нэр бүхий гишүүдийг намын гишүүнээс түдгэлзүүлсэн хэвээр байгаа. Тэдний дунд 7-8 УИХ-ын гишүүн бий.

-Тухайлбал, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилийн хугацаагаар хасуулсан Б.Энх-Амгалан нэр дэвших эрхтэй юу. Өөрөө бол нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн гэсэн.

-Шүүхээр шийтгэгдсэн, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй.

-Таныг нийслэлийн захын дүүргүүдэд нэр дэвшихээр болсон гэдэг мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Би Налайх, Багануур, Багахангайд нэр дэвшихгүй.

-Хотын дарга асан Д.Сумъяабазар “Ногоон автобус”-ны талаар ярихдаа таныг холбоотой гэж ойлгогдохоор зүйл ярьсан. Та хянан шалгах түр хорооны хуралд дуудагдсан уу?

-“Ногоон автобус”-ны дуулиан өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Хотын дарга өнөөдрийг хүртэл надад уурлаж байгаа шалтгаан нь “Ногоон автобус”-ны хэргийг олон нийтэд ил болгосонд байгаа юм. Тэр асуудлаа телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьж байна билээ.

Би тэрийг сонсоод нар баруунаас мандах нь дээ гэж болсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөөд, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирсан болгох гэж байна. Тэгэхээр энэ дээр өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй гэдгийг хариулт болгоё.