"Эрүүл мэндийн салбарын дампуурал" сэдвээр анагаахын салбарын төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав.
Тэд эрүүл мэндийн салбарын доголдол, хууль бус үйл ажиллагааг илчлэх зорилгоор дараах мэдээллийг хийж буйгаа хэлсэн юм.
Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа "Ардчилсан Нам(АН)-ын дэргэдэх эрүүл мэндийн шинэчлэл буюу "Health transformation club”-ээс тус салбарын үйл ажиллагааны хор уршиг, үр дагавар, хоорондын уялдаа холбоогүй байдлыг мэдээлэх гэж байна.
Тухайлбал
Сүүлийн жилүүдэд манай эрүүл мэндийн цахим мэдээллийн технологийг хөгжүүлэхийн тулд Дэлхийн Банк, БНХАУ-ын Засгийн газар, Люксембургийн сан зэрэг маш олон газраас төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэвч эдгээрийн хэрэгжилт хангалтгүй. Үүнд холбогдсон зарим хүн Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аар шалгуулж, эрүүгийн хариуцлагад татагдаж байна.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг дампуурсан гэж хэлж болохуйц байна. Яагаад гэвэл энэ чухал салбарт авлигын асуудал орсон.
2024 оны төсвийг харвал Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий дөрвөн хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Мөн олон улсын төсөл хөтөлбөр зургаан хувь руу очдог. Энэхүү санхүүжилтийн 50 хувь дараах хоёр салбарт зарцуулагдаж байна.
Гэвч чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэггүй. Үүний цаад шалтгаан нь авлигад автагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарт бодлого, тогтолцооны авлига байна" хэмээв.
Тэрбээр үргэлжлүүлэн "Сумын хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд хот руу ирдэг. Ийм нөхцөл байдлыг харсан үр хүүхэд нь суманд амьдрахгүй гээд хот руу нүүж байна. Хотоос нүүдэллэж ирээд гадаад руу явж байна. Энэ нүүдлийн гол шалтгаан бол эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжгүй байдал.
Монголчууд жилдээ 200 сая ам.долларыг гадагшаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад зарцуулж байгаа гэх албан тоо Монголбанкны төлбөрийн тэнцлээр гарч байсан. Харин албан бусаар 400 сая орчим ам.доллар гадагшаагаа урсдаг.
Өөрөөр хэлбэл дүүрэг, сум болгонд эмнэлэг барих мөнгийг гадагшаа урсгаж байна. Ийм тогтолцоо үйлчилсээр эрүүл мэндийн салбар дампууралд орчихсон.
Бүр төрөөс төрсөн эмнэлгийн тэрбумтан даргатай явж байгаа. Коронавирусийн үеийн сонсголыг хийгээгүй, тухайн үеийн хүний эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг мартах ёсгүй" гэлээ.
Анагаах ухааны доктор Ж.Отгонболд "Эрүүл мэндийн салбарт болохгүй байгаа зүйлсийг эмч, мэргэжилтнүүд нь өөрсдөө ил болгоё.
Тухайлбал эмийн сонсголын үеэр яригдсан ганцхан жишээг дурдъя.
Жишээлбэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн найман тэрбум төгрөгийн эмийн худалдан авалтыг хийсэн гэдэг асуудал яригдсан.
Мөн 2023 онд хугацаа нь дууссан эмийг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилсан гэх мэтчилэн олон асуудал тус сонсголын үеэр хөндөгдлөө. Энэ бүхний ард хүний эрүүл мэнд яригдаж байна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!