Уншиж байна ...

Хятадын үйлдвэрлэгчдийн зүгээс ширүүн өрсөлдөөнтэй тулгарсан Тесла бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг буурууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хятадын компаниудын зүгээс ширүүн өрсөлдөөнтэй тулгарсан Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дэлхийн томоохон улс орнуудын зах зээлд борлуулах бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулжээ.

Энэ оны эхний улиралд тус компанийн борлуулалтын хэмжээ эрс буурсан нь саяхан ил болж, хөрөнгө оруулагчдыг цочроосон юм. Үүнийг Хятадын үйлдвэрлэгчид цахилгаан автомашины хямд үнэтэй олон шинэ загварыг дэлхийн зах зээлд эрчимтэй нийлүүлж байгаатай холбон тайлбарлаж байна.

Тесла Хятадын зах зээлд борлуулдаг Model 3 загварынхаа үнийг 14,000 юаниар ($1,934) бууруулж, 231,900 юань болгожээ.

Баасан гарагт АНУ-ын зах зээлд Model Y, Model X, Model S загваруудынхаа үнийг $2,000-аар бууруулсан байна.

Европ, Ойрх Дорнод, Африкийн зах зээлд ижил хэмжээгээр үнээ бууруулсныг эх сурвалж бас мэдээлжээ.

Тесла компанийн хувьд загваруудаа шинэчлэх тал дээр удаан байгаа бол Хятадын BYD, Nio зэрэг компаниуд олон төрлийн хямд үнэтэй загваруудыг ар араас нь гаргасаар байгаа.

Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi хүртэл өнгөрсөн сард анхны цахилгаан хөдөлгүүрт автомашинаа танилцуулсан юм.

Тесла компани өнгөрсөн долоо хоногт нийт ажиллах хүчнийхээ 10 хувийг цомхотгох шийдвэрийг зарласан.

Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэг улсад зочлох байснаа хойшлуулсан нь тус улсын ерөнхий сайд Нарендра Модид “хэт хүнд амлалтууд” өгөхөөс зайлсхийсэн хэрэг гэж үзэж байна.

Баасан гарагт Тесла шинэхэн Cybertruck загвараа аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлаар зах зээлээс татах шийдвэрийг зарлажээ.

Хурдасгуурын (хааз) дөрөө гацах доголдол илэрсэн нь осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэсэн шалтгаанаар ийнхүү засварлахаар болсон байна.

Тесла компанийн хувьцааны ханш энэ он гарснаас хойш 40 хувиар унаад байгаа. Энэ нь өнгөрсөн оны бүх өсөлтөө буцааж алдсан гэсэн үг юм.

 

Эх сурвалж: BBC