Уншиж байна ...

"Маргааш газар хөдлөлтийн дадлага сургууль болно. Гэр, албан байгууллагынхаа аюулгүйн цэгийг мэддэг болох хэрэгтэй"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш 16:00 цагт улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль явагдах талаар өнөөдөр Онцгой Байдлын Ерөнхий Газар /ОБЕГ/-аас мэдээлэл хийлээ. 

Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд газар хөдлөлтийн дадлага сургуульд ажилчдаа бүрэн хамруулж, газар хөдлөлтийн үеэр юунд анхаарах талаар сургалт авах тал дээр хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгийг ОБЕГ-оос онцлов. 

Түүнчлэн газар хөдлөлтийн аюулыг олон нийтэд таниулах өдрийн хүрээнд олж мэдсэн дадлага сургуулийг өөрийн хэвшил болгон авахыг иргэдэд уриаллаа. 

Мөн аймаг, нийслэлд байршуулсан газар хөдлөлтийн үед цугларах талбайг тэмдэглэсэн хаягийг сэргээж, арчлан тайлбарлан таниулж байхыг хүсэв. Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн үед цугларах 242 цэг талбай байдаг аж. Зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохио гурван удаа дуугарах юм байна. 

"Хүчтэй газар хөдөлж, байшин барилга ганхаж байхад гүйж болохгүй"

Үргэлжлүүлэн ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр газар хөдлөлтийн үед юунд анхаарах талаар дараах мэдээллийг өглөө. 

Эхний удаагийн зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохионы үед байгаа газартаа байж аюулгүйн цэгт буюу бат бөх ширээ, даацын хананы дэргэд суу, нуугд, хүлээ зарчмыг дагана. 

Хүчтэй газар хөдөлж, байшин барилга ганхаж байхад гүйж болохгүй. Барилгын нэг давхарт болон хаалгатай ойр байвал гүйж болно. 

Аюулгүйн цэг гэдэг нь дээрээс унаж байгаа зүйлийг доороос нь тулж, тэгнэн амьд үлдэх боломжтой болгож буй орон зайг хэлж байгаа юм. 

Тэр нь даацын хана, бат бөх ширээ, ариун цэврийн өрөө зэрэг байж болно. Иймд гэр, албан байгууллагынхаа аюулгүйн цэгийг мэддэг байх хэрэгтэй. 

Хоёр дахь удаагийн зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохионы үед байгаа газраасаа гараад баруун гар талаа бариад ханаа дагаж, цувж алхан аюулгүйн цугларах цэг талбай дээрээ очоорой. 

Аюулгүйн цэг талбай руу очихдоо гүйхгүй, ярихгүй, буцахгүй, түлхэхгүй гэсэн дөрвөн зарчмыг баримтлах хэрэгтэй. Хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж ганцаараа сөрөх биш хамтдаа байх зарчмыг дагах хэрэгтэй. 

Аюулгүйн цэг талбай гэдэг нь задгай талбай юм. Гадагш гарахдаа дээрээс нурах зүйл, гэрлийн шон зэргээс зайтай байх хэрэгтэй. 

Өрхийн болон хувийн бэлтгэл гэж юу вэ? 

Газар хөдлөлтийн үед юунд анхаарах талаар нэгдсэн мэдээллийг belenbai.mn цахим хуудаснаас авч болно. 

Бичиг баримтаа нэг дор хадгалах, гэрийнхнээсээ төөрсөн үед хаана байгаагаа цаасан дээр бичиж мэдэгдэн хананд наах скотч, нуранги дор байх үед өөрийгөө мэдэгдэх үүднээс шүгэл авах зэрэг олон зүйлс бий.