Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2024.03.04) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар
Монгол Улсын Бага Хурлаас 1992 оны тавдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль нь Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг зохицуулж, Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Хууль батлагдсанаас хойших хугацаанд зарим нэмэлт, өөрчлөлт орсныг эс тооцвол Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна.
Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч 1996-2024 оныг хүртэл нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Ийнхүү олон нэмэлт, өөрчлөлт орсон нь 1992 оноос өмнө Монгол Улсад Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж байсан туршлага байгаагүй, энэ талаарх суурь болон харьцуулсан судалгааг хангалттай хийгээгүй үед уг хууль батлагдсан. Ингэхдээ хуулиар зохицуулбал зохих зарим харилцааг зохицуулаагүй орхигдуулсны зэрэгцээ давхардал, хийдэл, хуулийг хэрэгжүүлэх явцад үүссэн тулгамдсан асуудлыг хуулиар шийдвэрлэх шаардлага тухай бүр гарч байсантай холбоотой аж.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 5 бүлэг, 23 зүйлээс бүрдэх бөгөөд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Үүнд:
- Цэцийг Үндсэн хуулийн шүүх болох талаас нь холбогдох зохицуулалтыг тусгасан төдийгүй Цэц нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн Жаран дөрөв, Жаран зургаадугаар зүйлд заасны дагуу Цэц бүрэн эрхийнхээ хүрээнд маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах, дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах, үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгохоор тусгасан.
- Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хуульд хэт ерөнхий тусгасныг өөрчилж, Цэцийн гишүүний хараат бус, мэргэшсэн, хариуцлагатай байдлыг хангах, улс төрийн болон бусад зүй бус нөлөөллөөс ангид байлгах зорилгоор Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид тавих шаардлагад ойртуулж тогтоосон.
Мөн Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45 хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д хүргүүлэхээр нарийвчилж заасан. УИХ-д санал болгохоосоо өмнө Цэцэд нэр дэвшигчийн танилцуулгыг таваас доошгүй өдрийн хугацаанд олон нийтэд мэдэгдэх, нэр дэвшигчийн сонсголд оруулах зохицуулалтыг тусгажээ.
- Цэцийн гишүүний хараат бус байдлыг баталгаажуулах, мөн бусад гишүүнийхээ хараат бус байдалд хүндэтгэлтэй хандах үүрэг хүлээлгэж, түүний хараат бус байдлыг хамгаалах механизмыг тусгасан. Тухайлбал Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх явцад бусад этгээдээс үзүүлэх аливаа нөлөөллийг хориглох, ийм үйлдэл, эс үйлдэхүйг баталгаажуулж, хариуцлага хүлээлгэдэг болгох зорилгоор нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тогтолцоог тусгайлан зохицуулсан нь манай улсын ердийн шүүхийн хүрээнд хэрэгжиж ирсэн сайн туршлага юм.
- Одоогийн хуульд Цэцийн гишүүний хориглох зүйл, хариуцлагыг зохицуулаагүй байснаас практикт зөрчигдөх тохиолдол гардаг. Иймээс Цэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйлийг тодорхой зааж, Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон түүнийг эгүүлэн татах үндэслэл, журмыг нарийвчлан хуульчлах замаар Цэцийн гишүүний хариуцлагыг дээшлүүлэхийг зорьсон байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг анх 1997 онд 36 зүйлтэйгээр баталсан бөгөөд 2005-2024 онд нийт 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хууль батлагдсанаас хойших хугацаанд зарим нэмэлт, өөрчлөлт орсныг эс тооцвол Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй иржээ. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 9 бүлэг, 58 зүйлтэйгээр шинэчлэн боловсруулсан байна.
Хуулийн төсөлд:
- Хууль тогтоомжоор Цэцийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга замыг хэт явцууруулснаас болж, тодорхой тохиолдолд иргэний үндсэн эрх зөрчигдсөн тухай өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдээгүй гэж үздэг. Иргэдийн үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэхгүйгээс Монголд үндсэн эрх ноцтой зөрчигдөж, эдгээр зөрчил Үндсэн хуулийг хэрэглэж шийдвэрлэгдэж чаддаггүй. Иймд, иргэн эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасны дараа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байна гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах боломжийг тусгасан байна.
- Цэц нь Үндсэн хуулийн шүүх болохын хувьд хянан шийдвэрлэх маргааны агуулгыг “хамаарлын зарчмын” хүрээнд томьёолж, маргаан хянан шийдвэрлэх зарчмыг тусгайлан зохицуулжээ. Ингэснээр Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зарчим, холбогдох асуудлыг ердийн шүүхийн жишиг, олон улсын сайн туршлагад нийцүүлэх бөгөөд өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавих шаардлага, хүрээ хязгаарыг тогтоож, өөрийн үндсэн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Цэцэд хандах боломжгүй байх, түүнчлэн шаардлага, шалгуурыг тодорхой зохицуулсан онцлогтой аж.
- Иргэд, эрх бүхий этгээдээс Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавигдах шаардлага, хүлээн авахаас татгалзах үндэслэл, маргааныг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг тодорхой болгож тусгажээ.
- 1997 оны ҮХЦМХШАтХ-д маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилох, өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцийн гишүүнд хуваарилах, бүрэлдэхүүнийг томилох асуудлыг Цэцийн дарга шийдвэрлэхээр хуульчилсныг халж, энэ харилцааг олон улсын сайн туршлага болон Шүүхийн тухай хууль (2021)-д тусгасан дэвшилтэд зохицуулалтад нийцүүлэн боловсруулсан байна.
- Маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах, түүнчлэн Цэцийн хяналтын онцлогтой уялдуулан маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зонхилон бичиг хэлбэрээр явуулах, зарим тохиолдолд маргааныг зөвхөн зөвлөлдөөнөөр шийдвэрлэх боломжтой болсноор онолын шүүх болох нөхцөл хангагдана гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төслийг өргөн мэдүүлсний дараагаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил сэтгүүлчдэд мэдээлэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!