Уншиж байна ...

Э.Батбаяр: Гуравдугаар сарын 20-ноос гол мөрний мөс эрчимтэй хайлж эхэлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УОК-оос хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр гол мөрний мөсний зузаан, шар усны үер үүсэх нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар монгол орны ихэнх жижиг болон дунд зэргийн голууд ёроолдоо хүртэл хөлдсөн. Томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-10см нэмэгдсэн байна.

Харуулын цэг голын нийт урт, нуурын толион дагуу хэмжилт хийдэг. Гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байдаг тул мөсөн дээгүүр явахгүй байх, баталгаат гармаар явахыг зөвлөе.

Шар усны үер үүсэх нөхцөл байдал:

80-н жилийн мэдээнээс харахад Улаанбаатар хотын орчимд Туул, Сэлбэ гол дагуу шар усны үерийн оргил үе дөрөвдүгээр сарын 14-нд тохиолдсон байна.

Орсон цасны хэмжээ, агаарын температурын огцом өөрчлөлт хоёр шар усны үер буух эрсдэлийг улам нэмэгдүүлдэг.

2023 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар нийт нутгийн 40% цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц 14.8км.куб байсан бол энэ жилийн энэ өдөр нийт нутгийн 70% цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц 70.5км.куб буюу өмнөх жилээсээ дөрөв дахин их цас хуримтлагджээ.

Гуравдугаар сарын 20-ноос гол мөрний мөс хайлах үзэгдэл идэвхжиж, дөрөвдүгээр сарын 20-н гэхэд гол мөрний мөс бүрэн хайлж дуусдаг.

Энэ жилийн хувьд агаарын температурын огцом дулааралтай жил. Шар усны үер буух эрсдэл нэмэгдэнэ.

Шар усны үер болбол, өвөлжилт хүндэрсэн аймгуудад байгаа малын сэг зэм, хайлсан усаар угаагдан гол руу орж, өвчин эмгэг тараах эрсдэлийг үүсгэдэг. Иймээс малын сэг зэмийг цэвэрлэх, ариутгах ажлуудыг хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа"-г хэллээ.