Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг болсон Алтай ятгаар хөглөгдсөн Франкфуртийн үдэш...

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ХБНГУ-ын Франкфурт хотноо Монгол Улсын гадаад сурталчилгааны шинэ оны анхны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын сар шинийн баярын үеэр болж монголын соёл урлаг, аялал жуулчлал, агаарын тээвэр, Герман Монголын археологийн хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвүүдийг танилцуулсан онцлогтой байлаа.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ Монголын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв."Археологич ба аялагчийн өнцгөөс Монгол" илтгэлийг Монгол-Германы Орхон экспедицийн малтлагын удирдагч, археологич, түүхч доктор Хендрик Рохланд болон "A Star Mongolia" компанийн менежер Х.Чинбат нар тавилаа.

Түүнчлэн Алтай ятгыг дахин сэргээсний 10 жилийн ойд зориулж Алтай ятгын тухай илтгэл тавьсны дараа ятгын хатан хаан, гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ тоглон сонирхуулсан нь энэхүү арга хэмжээний нэг оргил хэсэг байв.

Монгол Алтайн ай сав газраас олдсон, 1,400 жилийн настай Алтай ятга нь эртний нүүдэлчдийн соёлын хосгүй өв бөгөөд уг олдворыг Монгол-Германы археологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сэргээн засварласан юм. Тэр ч утгаараа Монгол Германы соёлын харилцааны бэлгэ тэмдгээр өргөмжлөгдсөн билээ

зураг
 

Энэхүү арга хэмжээг хариуцан зохион байгуулсан Соёлын элч Ц.Гэрлээ онцлохдоо "Монгол Улсын сурталчилгааны аливаа ажил тухайн орны нийгэм соёлын онцлогт уялдуулан үр дүнтэй, чанартай хийх нь чухал юм.

Хессэн муж нь эдийн засгийн үзүүлэлтээрээ холбооны мужид тэргүүлдэг бөгөөд Франкфурт хот нь олон улсын санхүүгийн төв, чухал аж үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үзэсгэлэнгийн төв бөгөөд дэлхийн эдийн засаг санхүүгийн хотуудын нэг юм. Түүнчлэн нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлаараа Германы болон Европын тээврийн сүлжээний төв бөгөөд МИАТ компани тогтмол нислэг үйлдэж буйгаар онцлогтой билээ.

Тийм учраас Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил"-ээр зарласантай холбогдуулан Германд бид шинэ зах зээл, зорилтот бүлэгт хүрч ажиллахын төлөө хичээж энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа. Ялангуяа МИАТ компанийн Европ дахь ерөнхий менежер Ц.Туяа МИАТ болон Франкфуртын нислэгийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийсэн сайшаалтай үйл явдал болов.Үүгээр зогсохгүй бид аль болох Монголыг өргөн бүрэлдэхүүнээрээ танилцуулах нь чухал юм. Иймд Герман дахь Монголын бизнесүүдийг төлөөлж "Younique catering by Muko" компанийн үүсгэн байгуулагч н.Алтанхуяг болон "Edel Ziege Cashmere" компанийн үүсгэн байгуулагч Ф.Саруул мөн Эсгийн урлалын Үжин брендийн Майцэцэг нар бүтээгдэхүүнээ танилцууллаа” хэмээв.

"Нүүдлээр хөглөхүй" ардын урлагийн тоглолт нь энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Германы бизнес, соёл урлаг, аялал жуулчлал, агаарын тээвэр зэрэг төрөл бүрийн салбарын 170 гаруй төлөөлөгчдийн сэтгэлийг догдлуулсан юм. Тоглолтод нэрт ятгачин Мөнх-эрдэнэ, бүжигчин СТА Т.Содгэрэл, бүжигчин СТА Ё.Дамчаабадгар, Хөөмий бит урсгалыг үндэслэгч, Соёлын Элч, СТА Б.Нарандэлгэр болон ХБНГУ-аас нэрт морин хуурч хөөмийч СТА Д.Энхжаргал нар оролцлоо.

"Нүүдлээр хөглөхүй" тоглолтын дараагийн зогсоол Берлин хот юм.