Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Парис хотод 8,000 хүний суудалтай шинэ цэнгэлдэх ашиглалтад орлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Эх сурвалж: Direct Industry

"Парис 2024" олимпод зориулж францчууд нийслэл хотдоо нэг цэнгэлдэх шинээр барихаар төлөвлөсөн билээ. 

Парис хотын зүрхэнд орших Порте де ла Шапел дүүргийн ойролцоо 18 дугаар гудамжинд "Adidas arena" өчигдөр нээлтээ хийв.

Шинэ цэнгэлдэх 8,000 хүний суудалтай бөгөөд олимпын үеэр бадминтон, гимнастик, пара бадминтон, пара пауэрлифтингийн төрлийг зохион байгуулах аж. Харин олимпын дараа орон нутгийн сагсан бөмбөгийн клубийн гэр болох юм. Мөн урлагийн тоглолт хүлээн авахаар төлөвлөжээ.

зураг
 
Эх сурвалж: Direct Industry

Уг цэнгэлдэхийг дахин боловсруулсан гангаар бүрсэн. Түүнчлэн "ногоон дээвэр"-тэй ба газрын гүний дулаанаар эрчим хүчээ авна

Сонирхолтой нь цэнгэлдэхэд зорьж очихын тулд зөвхөн дугуй эсвэл нийтийн тээврээр л зорчих боломжтой гэнэ.

Үзэгчдийн суудлыг дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийсэн гэдгээрээ онцлог. Тодруулбал 8,000 суудлыг зургаан сая ундааны сав ашиглаж бүтээсэн юм. 

Цэнгэлдэхийг барихад ойролцоогоор 127 сая евро зарцуулсан. Харин Адидас брэнд өөрсдийн нэрээр нэрлэхийн тулд жилд 2.8 сая евро төлөхөөр болжээ.

Парис хотод олимпод зориулж шинээр гурван барилга барьж буй. Тамирчдын тосгоныг ирэх гуравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. 

 

Эх сурвалж: Direct Industry