Коммунист дэглэмтэй дэлхийн сүүлчийн улсуудын нэг Кубад томоохон хулгайн хэрэг гарч, хэсэг хүмүүс холбогдсон тухай тус улсын төв хэвлэл мэдээлжээ.
Баасан гарагт Кубын төв телевизийн мэдээлснээр нийт 30 хүн нийслэл Хавана хот дахь засгийн газрын үйлдвэрээс 1,660 хайрцаг буюу 133 тонн тахианы мах хулгайлж, хар зах дээр зарсныг илрүүлсэн байна.
Тэд хулгайлсан махаараа хөргөгч, зурагт, зөөврийн компьютер, агаар сэрүүцүүлэгч зэрэг цахилгаан хэрэгсэл солилцож авсан байжээ.
Хулгайлсан тахианы мах нь Кубын иргэдэд засгийн газраас картаар олгодог хүнс байсан гэнэ.
Энэ нь Кубын дунд хэмжээтэй нэг мужийн иргэдийн нэг сарын хэрэгцээ байсныг засгийн газрын харьяа хүнсний түгээлтийн COPMAR байгууллагын захирал Ригоберто Мустелиер ярьжээ.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн гүн хямралд орсон Куба улсад тахианы мах зөвхөн картын системээр л олддог болсон юм.
Хулгайн хэрэгт буруутгагдсан 30 хүний дунд агуулахын удирдлагууд, мэдээллийн технологийн ажилтнууд, харуул хамгаалалтынхан байжээ.
Тэдний гэм буруутайг шүүх тогтоовол 20 жилийн хорих ял сонсох магадлалтай гэнэ.
Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийн улмаас Куба улсад гэмт хэрэг өссөн ч ийм том хэмжээний хулгай ховор гарч байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!