Улсын Онцгой Комисс, нийслэлийн Онцгой комиссоос Дүнжингаравын уулзарт гарсан гал түймэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Холбогдох мэдээллийг бид тухай бүрд нь өгөх тул албаны мэдээллийг хүлээн авахыг хүсье. Гал түймэрт өртсөн 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 нь зөвлөгөө, анхан шатны тусламж аваад гэртээ харьсан. Түлэгдэж бэртэж гэмтсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас өнгөрсөн шөнө 19 настай нэг иргэн харамсалтайгаар амь насаа алдсан.
Одоо нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, дөрвөн хүний биеийн байдал маш хүнд, найман хүн хүндэвтэр зэрэгтэйгээр эмчилгээ үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.
Цагдаагийн байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг хийгээд явж байна. Нас барсан иргэдийн тоог дарах ямар ч боломж байхгүй. Олон нийтийн дунд, сошиал сүлжээнд хардлага маш ихээр явж байгаа.
Тухайн нөхцөлд байдалд онцгой байдлын гурван алба хаагч нас барсан. Өнгөрсөн шөнө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн нас барсан байна. 10, 20, 30 хүн нас барсан гэх үндэслэлгүй мэдээллийг түгээхгүй байхыг хүсье. Хүний амь нас эрсэдсэн асуудлыг байтугай бэртсэн тоог нуун дарагдуулах боломж байхгүй. Ард нь ар гэрийнхэн нь бий" гэв.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокурор бүрэн хяналт тавьсан. Үзлэгийн дунд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь тогтоогдсон. Цахим орчинд 5, 21, 31 хүн нас барсан, тоог нуун дарагдуулж байна гэх мэдээлэл гараад байна. Нас барсан хүний тоог нуух, дарах боломж, ёс зүй, хууль дүрэм байхгүй. Иймд ташаа мэдээлэл тараахгүй байхыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Мөрдөн шалгах ажиллагаанд 12 төрлийн шинжээч томилсон. Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалд шинжилгээ хийх жишиг хугацааг заасан байдаг. Үндсэн хугацаа нь 14 хоног байдаг ч шинжилгээний цар хүрээнээс хамаараад сунгагдаж болох тул үзлэг шинжилгээ хийж дуусах хугацааг нарийн хэлэх боломжгүй" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
|