Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

ChatGPT-ээс санал болгосон хуулийн төслийг Бразилын нэг хотын эрх баригчид мэдэлгүй баталжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Энэ оны аравдугаар сард Бразилын нэг хотын иргэдийн хурлын төлөөлөгчид усны тоолуурын талаар хуулийн төслийг хэлэлцэж баталсан юм.

Гэтэл энэ хуулийн төслийг хиймэл оюуны ChatGPT платформоор боловсруулсан нь өнгөрсөн долоо хоногт илэрчээ.

Хууль арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Үүнээс хойш зургаа хоногийн дараа Порто Алегре хотын иргэдийн хурлын төлөөлөгч Рамиро Росарио уг хуулийн төслийг ChatGPT ашиглан боловсруулснаа анх удаа дэлгэсэн байна.

Тэрбээр төслийг хиймэл оюунаар боловсруулахад ердөө 15 секундийн хугацаа зарцуулсныг Вашингтон Пост сонинд ярьжээ.

Росарио уг платформын асуултын цонхонд “Усны тоолуур алдагдсан тохиолдолд Хотын Ус, Бохирын Албанаас шинэ тоолуурын төлбөрийг өмчлөгчөөс авахыг хориглох захиргааны хуулийн төслийг Порто Алегре хотын гүйцэтгэх засаглалаас биш, хууль тогтоох байгууллагаас боловсруулах” гэсэн утгатай хүсэлтийг бичиж байсан байна.

Гэтэл ChatGPT хэдэн сарын турш маргаан болж байсан асуудлын шийдлийн хоёр хувилбарыг дэвшүүлсэн нь Росариог гайхшируулжээ.

Улмаар Росарио хуулийн төслөө хиймэл оюунаар боловсруулсныг мэдэгдэлгүй танилцуулахад хотын иргэдийн хурлын 36 төлөөлөгч бүгд дэмжсэн байна.

Ингэхдээ хуулийн үг хэллэгт бага зэргийн өөрчлөлт оруулсан гэнэ.

Росарио хуулийн төслийг ийм аргаар боловсруулснаа өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт хэвлэлд анх ярьсан юм.

Порто Алегре хотын хурлын төлөөлөгчдийн дарга Хамилтон Соссмейер эхэндээ  үнэнийг нуусан Росариог буруутгаж, “буруу жишиг тогтоолоо” хэмээн түүнийг шүүмжилжээ.

Харин сүүлд түүний санаа нь өөрчлөгдсөн байна. “Би хиймэл оюуны технологийн боломжийн талаар илүү гүнзгий уншиж судаллаа. Харамсалтай нь, эсвэл азаар ч гэх юм уу, ийм хандлага давамгайлах цаг үе ирж буйг би ойлгосон” гэж тэр сүүлд хэвлэлд ярьжээ.

Хэрвээ хиймэл оюунаар боловсруулсныг нь мэдвэл хэчнээн зөв шийдэл байсан ч хурлын төлөөлөгчид эсэргүүцэх магадлалтай байсан тул эхэн үедээ нуусныг Росарио тайлбарласан байна.

“Хиймэл оюун ухаан төрийн байгууллагууд, албан хаагчдын нөөц бололцоо, цаг хугацааг оновчтой болгож, тэдний ажлыг илүү чухал зүйлд хандуулахад тусална гэдэгт би итгэлтэй байна” гэж Росарио ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider