Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оцон шувууны нэг төрөл хоногт 10,000 удаа унтдагийг тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Атлантын далайн өмнөд зах, Антарктидын эргээр амьдардаг “chinstrap” төрлийн оцон шувуу хоногт нэг удаадаа дөрөвхөн секундийн хугацаатай олон мянган удаа унтаж чаддаг болохыг эрдэмтэд судалж тогтоожээ.

Тухайлбал хоногт маш богино хугацаагаар 10,000-аас дээш удаа, нийлбэр дүнгээр 11 цаг унтдагийг тогтоосон байна.

Энэ нь гүн нойронд авталгүй үүр, өндгөө араатнаас хамгаалах шаардлагаар бий болсон хувьслын үр дүн ажээ.

“Chinstrap” нь малгайг эрүүнд уяж тогтоодог бүч гэсэн утгатай үг. Тухайн төрлийн оцон шувуу нь эрүүндээ малгайн бүчийг санагдуулам нарийхан хар зураастай тул ийм нэртэй болжээ.

“Хүмүүс ийм байдлаар амарч чадахгүй, харин оцон шувууд чадна. Унтах нь бидний ихэнхийн мэддэгээс илүү олон янз төрөлтэй, нарийн ойлголт юм” гэж Лион хотын Мэдрэл Судлалын Төвийн судлаач Пол Антуан Либурел тайлбарлаж байна.

Эрдэмтэд өмнө нь 1980-аад оны үед энэ төрлийн оцон шувууг барьж, тусгаарлан судлахдаа богино хугацаагаар олон удаа унтдагийг анх тогтоож байжээ.

Харин энэ удаа ийм богино нойрсолт нь бүтэн хоногийн турш маш олон удаа давтагддаг болохыг нээсэн байна.

Sicence сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд chinstrap төрлийн оцон шувууд газар дээр байхдаа ямар ч нөхцөлд, хэвтээ, босоо ямар ч байрлалд ийм хэлбэрээр унтаж чаддаг тухай бичжээ.

Тэдний энэ онцгой чадварыг “урьд өмнө ажиглагдаагүй, оцон шувууд дотроо ч маш ховор сонин үзэгдэл” гэж тодорхойлсон байна.

“Нойрны ихэнх судалгаанууд хулгана, харх, хүн дээр хийгдсэн байдаг. Өөр амьтны төрөл зүйлийг судалснаар хүрээлэн байгаа орчны хүчин зүйлсийн нөлөөгөөр нойрсолт өөрчлөгдөж болдгийг бид мэдлээ” гэж Либурел тайлбарлажээ.

Хос оцон шувууны нэг нь өндгөө хэд хоногийн турш тасралтгүй дардаг бол нөгөө нь хоол тэжээл олохоор явдаг. Энэ хооронд гүн нойронд автвал өндөг нь махчин шувуудын хоол болох эрсдэлтэй юм.

Бусад төрөл зүйлийн амьтад ч бас богино хугацаагаар унтдагийг судалгаагаар тогтоож байсан байна.

Тухайлбал Африкийн бутны заан хоногт дунджаар хоёр цагийг ихэвчлэн босоогоороо унтаж өнгөрөөдөг.

Заримдаа тэд 48 цаг огт унталгүй явж чаддаг байна. Жимсний ялаа хүйсээсээ хамаарч янз бүрийн хугацаагаар унтдагийг тогтоож байжээ.

Эрэгчин нь хоногт 10 гаруй цаг унтаж байхад эмэгчин нь ердөө 15 минут хүрэхгүй хугацаанд унтдаг байна.

Зарим төрлийн том биетэй шувууд нүүдэллэх замдаа хоногт нэг цаг хүрэхгүй хугацаанд унтаад үүрэндээ ирсэн тохиолдолд 13 цаг орчим унтаж, алдсан нойроо нөхдөг ажээ.

 

Эх сурвалж: The Guardian