Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

М.Нарантуяа: Хүүхдүүд ээж, аав нь хэр орлоготойгоор, амьдардаг хорооллоор нь хүртэл ялгаварлаж, дээрэлхдэг гэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн дахин нэгэн бодит жишээг дуучин Нара буюу М.Нарантуяа өчигдөр ил болгов.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Энэ Орчлон гээд сургуульд юу болоод байдаг юм бэ. Энэ сургуулиас л намайг шилжүүлээд өг гэнэ. Надад камер зүүлттэй байдаг бол та намайг ямар байдгийг бүгдийг нь мэдэх байсан даанч та надад итгэхгүй гэх юм. Хэнээс болоод шилжмээр байна гэхэд нэг хүүхдээс болж шилжмээр байгаа бол тэр хүүхэд л шилжих ёстой гэтэл бүр уйлаад олон хүүхэд намайг байнга дээрэлхдэг гэнэ" хэмээн бичсэн юм.

Харин өнөөдөр тэрбээр Орчлон сургууль дээр очиж, удирдлагуудтай нь уулзжээ. Мөн шууд дамжуулалтаар үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарласан юм. 

Өчигдөр тухайн сургууль дээр бага ангийн хоёр сурагч зодолдсоны нэг нь түүний хүү байжээ. Энэ тухай дуучин М.Нарантуяа "16 минутын турш гурван үе зодолджээ. Миний хүү нэлээд зодуулж. Гэхдээ өчигдрийн асуудал бол зөвхөн энэ зодооноос болоогүй. Ангид нь нийлж байгаад "Чи аавгүй", "Чиний ээж тарган" гэж хүүг минь сэтгэл санааны дарамтад оруулж байна. 

Хүүхэд бүр цэвэр ариун байдаг ч тэдний хажууд хэн, юу ярьж, зүрх сэтгэлийг хордуулна яг тийм болдог. 

Өчигдөр цээжинд нь бугласан бүхнээ гаргаад енгэнэтэл уйлж байгаа хүүхдээ хараад маш их дургүй хүрсэн. Гэхдээ тэглээ гээд би хүний хүүхдийг очиж алгадаж унагааж, эцэг эхийг нь дуудаж, сургууль дүүрэн орилж хашхирна гэж зарим хүн бодсон байх. Би тийм хүн биш" гэв.

Мөн тэрбээр зодоон хийсэн асуудлыг шийдэж болох ч удаа дараа хүүхдийг нь сэтгэл зүйгээр тоглодог, байнга "roast" хийдэг, эцэг эхийнх нь байгаа, байхгүй тухай ярьдаг, арьсны өнгөөр ялгадаг хүүхдүүд илүү хорон байгааг яриандаа онцолж байлаа. "Энэ хүүхдүүд ирж цохиж, хамраас нь цус гаргаагүй ч өдөр бүр энэ сургуулиас шилжих юм сан гэж бодтол нь байлгаж байгаа тэр хүүхдүүд хамгийн зэвүүн. Гэхдээ хүүхдүүдийн асуудлын учрыг олж болно. Засаж залруулж болно. Бүлэглэж дээрэлхэж байгаа хүүхдүүдийн аав, ээж нь ухаалаг хүмүүс бол зөв залаад хэнийг ч том эрсдэлд орохоос сэргийлж чадна" хэмээж байсан юм. 

Түүнчлэн өөрөөс нь өөр байсны төлөө доромжилдог, гутаадаг, сэтгэл санаа, амьдрах итгэл, өөртөө итгэх итгэлийг нь мохоодог энэ үзэгдлийг одоо зогсоохгүй бол бидний хүүхдүүд тэсэж, давж чадахгүй гэдгийг ч тодотгож байлаа. 

Дуучин бүсгүй хэлэхдээ "Та нар хүүхдүүдээсээ асуугаад үзээрэй. Сургуульдаа сэтгэл хангалуун байна уу, ямар нэг сэтгэл гонсойлгодог зүйл бий юу, цохиод авахгүй ч гэлээ мессэжээр ч юм уу доромжлоод байна уу гэдгийг. Монгол хүүхдүүд ээж, аав нь хэдэн төгрөгийн орлоготойгоор, тэр бүү хэл амьдардаг хорооллоороо хүртэл "bully"-ддэг гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Ийм байдлыг одоо засаж залруулахгүй бол болохгүй нь" хэмээв.

Бичлэг:
https://www.facebook.com/Nara.Munkhtur/videos/324519946996690