Зураг
Зураг
Индэр    
2021 оны 11 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

Үе тэнгийнхэндээ манлайлагч байсныхаа төлөө ч гадуурхагддаг...

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэгнээ бүлэглэн зодсон бичлэг, сургуульдаа дээрэлхүүлж байсан тухай түүхээ хуваалцсан постууд гээд сургуулийн орчинд дээрэлхэл их байгааг өнгөрсөн хоногуудад тодхон харуулав.

Гэвч одоогоор сургуулиуд дээрэлхлийн эсрэг нэгдсэн журамгүй, сурагчид хэн нэгэнд дээрэлхүүллээ гэхэд хаана, хэнд хандахаа мэдэхгүйгээр дотроо л шаналсаар, заримдаа асуудал улам даамжирсаар байна. Тэд нэг удаа дээрэлхүүллээ гэхэд гэрийнхэндээ хэлэхгүй байх нь элбэг бөгөөд олон дахин давтагдахад л сая нэг ам нээдэг аж. Иймд хүүхдүүдээ үргэлж ажиглаж, ярилцаж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Мөн таслан зогсооход гэр бүл, багш нарын хамтын ажиллагаа хамгаас чухал аж.

Үе тэнгийнхний дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтын талаар дуу хоолойгоо нэгтгэж буй дуучин С.Гантогоо болон Хүүхэд хамгааллын мэргэжилтэн, “Оюунлаг монгол хүн” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батзаяа нартай энэ талаар ярилцсанаа хүргэж байна. 



"Ерөнхий боловсролын сургуульд үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, заналхийлэл, цахим дарамт нь чимээгүй тахал болчихсон байна" хэмээн дуучин С.Гантогоо ярианыхаа эхэнд онцолсон юм. 

Тэрбээр үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг нэгэн билээ.

"Одоо цаг үе өөрчлөгдөж, дээрэлхлийн арга, хэлбэр дагаад илүү хорон болсон"

Дуучин С.Гантогоо "Хүмүүс үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа хүүхдүүдийг доожоогүй, намхан, бие султай гэх зэргээр харагдах байдлаасаа болдог гэж боддог. Гэтэл үгүй шүү дээ. Хот, хөдөөгийн гэлтгүй бүхий л сургуульд өөр өөр хэлбэрээр оршиж байна. Манай дүүгийн хувьд нийгмийн идэвхтэй, ангийн дарга, өндөр хүү бий. Гэтэл үе тэнгийнхэн дундаа манлайлагч байснаараа бусдад дээрэлхүүлж, гадуурхагдсан.

Хүмүүс юун сүртэй юм, дээрэлхүүлж байгаад л сургуулиа төгсчихдөг гэх мэтээр боддог. Гэтэл энэ бол чимээгүй тахал шиг байна шүү дээ. Цахим дээрэлхэл ч газар авч байна" гэсэн юм.

Мөн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн, “Оюунлаг монгол хүн” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батзаяа хэлэхдээ "Бидний үед ингэдэг л байсан. Сургууль дээр ийм юм байдаг шүү дээ гэх мэт хандлага нь дээрэлхлийг өөгшүүлж, дээрэлхэлд өртсөн хүүхдүүдийг ээж, аав, ах, эгч, асран хамгаалагчдаа хандаж тусламж хүсэх замыг хааж байдаг.

Таны үед нийгмийн сүлжээ, цахим гэж байдаг байсан уу гээд л бодоод үзээрэй. Одоо цаг үе өөрчлөгдөж, дээрэлхлийн арга, хэлбэр дагаад илүү хорон болсон.

Сургууль дээр дээрэлхүүлдэг хүүхэд гэртээ ирээд амар тайван байж болдог байсан бол өнөөдөр цахим дээрэлхэл таны хүүхдийг 24/7 утас, компьютерын араас зовоож байна. Байдаг л зүйл гээд орхиод байвал хүүхэд “Эд нар угаасаа ингэж боддог юм чинь хэлээд ч нэмэргүй” гэж бодоод дотроо шаналаад өөрөө шийдэх гэж оролддог. Гэхдээ энэ тийм ч амархан шийдэгдэхгүй. Энэ дээрэлхэл гэдэг зүйлд хүчний тэнцвэргүй байдал байгаа гэдгийг санах хэрэгтэй" гэв.

Тэрбээр үе тэнгийн дээрэлхлийн шинжийг дараах байдлаар тодорхойллоо.

"Доорх гурван шинжийг агуулсан бол буллинг буюу дээрэлхэл гэж үзэж болдог.

  1. Санаатайгаар хохироох, гэмтээх сэдэлтэй
  2. Давтамжтай (эсвэл цаашид давтагдах магадлалтай)
  3. Хүчний тэнцвэргүй (Хүч гэдэгт биеийн болон нийгэм, эдийн засгийн гэх мэт бусад хүчин зүйл хамаарна)

    Төрлөөр нь доорх байдлаар дөрөв ангилдаг. Үүнд:

  • Бие махбодын (Цохих, зодох, түлхэх, дэгээдэх, нулимах, эд зүйлийг нь хулгайлах, эвдэх гэх мэт)
  • Аман (Нэр хоч өгөх, шоолох, айлган сүрдүүлэх гэх мэт)
  • Харилцааны буюу олон нийт дэх (Албаар найзлахгүй байх, олон нийтийн ажлаас орхигдуулах, худал цуу яриа тараах, гадуурхах гэх мэт )
  • Цахим (Ангийн группт оруулахгүй байх, зураг, пост доор нь байнга шоолж, доромжилж сэтгэгдэл бичих, санаандгүй байхад нь зураг дарж мийм хийх гэх мэт)

Цахим төхөөрөмж эсвэл нийтийн сүлжээ ашиглан и-мэйл, гар утас, мессэж, вэб сайтаар хэн нэгнийг санаатайгаар, давтамжтайгаар гадуурхах, нэр хүндэд нь халдах, айлгах, доромжлох зэргийг цахим дээрэлхэл гэдэг" хэмээсэн юм.

С.Гантогоо: Дээрэлхэж байгаа болон дээрэлхүүлж байгаа хүүхэд хоёулаа хохирогч болдог

Дуучин С.Гантогоо "Хүмүүс их аминчхан үзэлтэй байна. Миний л хүүхэд сайхан байвал, миний л хүүхэд боловсролтой, ухаалаг байвал гэхчлэн зөвхөн амин хувиа л хичээж байна. Гэтэл хүүхэд өсгөн хүмүүжүүлэх бол нийгмийн асуудал. Дээрэлхэж байгаа болон дээрэлхүүлж байгаа хүүхэд хоёулаа хохирогч болдог. Нэг нь гэмтэн болж, нөгөөх нь насан туршдаа сэтгэлийн шархтай үлддэг. Иймээс сургууль бүрд сэтгэл зүйч ажилладаг, дээрэлхэлтийн эсрэг журамтай байх ёстой. 

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахгүй байна. Хүүхэд нэг удаа дээрэлхүүллээ гэхэд хэлдэггүй. Олон удаа давтагдаж байж л гэрийнхэндээ мэдэгддэг. 

Дүүгийнхээ тохиолдлоос хойш би 50 гаруй хүүхэдтэй бүлэг олж илрүүлсэн шүү дээ. Тэд логотой, кодтой байсан. Эцэг, эхтэйгээ холбогддог хаягаасаа өөр нэмэлт хаягтай байдаг. Эцэг, эх нь хүүхдээсээ хичээл сургууль нь дажгүй юу гэж асуухад дажгүй гээд хэлэхэд л аан за гээд өнгөрөөчихдөг. Уг нь тухтай суугаад ярилцах ёстой" гэсэн юм.

Бага, өсвөр насандаа дээрэлхүүлж эсвэл дээрэлхдэг байсан нь насанд хүрсэн хойно нь хэрхэн нөлөөлдгийг судалсан олон судалгаа гаднын улсуудад бий. Тэдгээр судалгаануудаас илэрсэн үр дүнгүүдээс дурдвал:

Дээрэлхүүлж байсан хүүхдүүд

  • Архаг сэтгэл гутралд орсон
  • Сэтгэл түгших эмгэгтэй болсон
  • Өөрийгөө байнга дутуу үнэлдэг, өөртөө итгэлгүй болсон
  • Ерөнхий биеийн эрүүл мэнд муу
  • Байнга ажил сольдог
  • Санхүүгийн хүндрэлтэй амьдардаг
  • Цөөн найз нөхөдтэй эсвэл найз нөхөдгүй
  • Гэр бүлгүй эсвэл нэг харилцаанд удаан байж чаддаггүй.
  • Хүнд итгэх чадвар сул нийтлэг шинж илэрчээ.

Дээрэлхдэг байсан хүүхдүүд:

  • Асуудлыг хүчирхийллээр шийдэх (Гэр бүлийн, хүүхдийн хүчирхийлэл үйлдэх)
  • Архи, тамхи, мансууруулах бодист донтох
  • Гэмт хэрэгт холбогдох
  • Ажилгүй, орлогогүй байх нь өндөр байгааг ажиглажээ.

Түүнчлэн тухайн дээрэлхлийг хөндлөнгөөс харж байдаг гэрчүүд гэж бий. Тэдэнд сэтгэл зүйд дээрх хоёроос ч илүү хүндрэл үүсэж болдог нь судалгаагаар тогтоогджээ. 

Энэ талаар Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Б.Батзаяа "Гэрч хүүхдүүдэд тухайн цаг мөчид дээрэлхлийг зогсоох хамгийн их хүч бий. Тэд дээрэлхэж хүүхдүүдийг БОЛЬ гэж хэлэх, том хүн дуудаж тусламж хүсэх гэх мэтээр таслан зогсоох боломж байдаг.

Гэтэл тэд дээрэлхэж байгаа хүүхэд өөрийг нь дээрэлхэхээс айх, бусад хүүхэд өөрийг нь дээрэлхүүлж байгаа азгүй амьтныг өмөөрлөө гэж нийлэхээ болих эсвэл яаж зогсоохоо мэдэхгүй байх зэрэг шалтгааны улмаас юу ч хийхгүй дуугүй өнгөрдөг. Энэ нь дээрэлхэл үйлдээгүй, өртөөгүй боловч дээрэлхүүлж байсан хүүхдэд туслах ёстой байсан, мөн би ингэж дээрэлхэлд өртвөл яана аа гэдэг айдас түгшүүр, буруутай мэт бодол нь гэрч хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд дээрэлхэл үйлдсэн болон дээрэлхэлд өртсөн хүүхдүүдээс илүү эрсдэлд ордог байх магадлалтай хэмээн Английн 14 сургуулийн 12-14 насны сурагчдын дунд хийсэн судалгааны дүнд гарсан" гэсэн юм.

Дээрэлхлийг зогсоохын тулд яах ёстой вэ?

"Сургуулийн талаас авч үзвэл энэ нь сургуулийн амжилт, сурлагын үнэлгээтэй нягт холбоотой болохыг судалгаагаар тогтоосон байна. АНУ-ын Виржиниа мужийн 9 дүгээр ангийн 7,300 сурагч, 3,000 орчим багшид хийсэн судалгаагаар дээрэлхэл нь сурагчдын шалгалтын оноонд нөлөөлдөг болохыг баталжээ.

Таны хүүхэд шалтгаангүй хичээл таслаад, түүнээсээ болж сурлага муудаад эхэлбэл анхаарлаа хандуулах ёстой байх нь" хэмээн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Б.Батзаяа зөвлөсөн юм. 

Түүнчлэн тэрбээр "Бүхий л сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд зөвлөдөг нэг зүйл бол ЯРИЛЦАХ. Хүүхдүүдээ хичээлээс нь ирсний дараа, гэр лүүгээ дагуулаад явж байхдаа өнөөдөр хичээл дээр нь юу болсон тухай нь асуу. Хэрэв ямар нэгэн шийдэж чадахгүй асуудал гарвал туслахад бэлэн гэдгээ илэрхийл. Ямар нь асуудал гарвал ээж, аав, ах, эгчдээ хэлээд шийдэж болдог гэдгийг ойлгуулж өгөх нь чухал" гэлээ.

Цахим дээрэлхэл таны хүүхдийг 24/7 утас, компьютерын араас зовоож байна

Мөн дээрэлхлийг зогсоохын тулд эцэг эх, багшийн хамтын ажиллагаа маш чухал гэдгийг онцолж, сурагч дээрэлхэл, хүчирхийлэл, гадуурхалд өртсөн байгаад түүнийгээ багштай хуваалцах тохиолдолд тухайн хүүхдийн нууцыг маш сайн хадгалж онцгойлон анхаарал хандуулах, холбогдох үйлчилгээнд зуучлан өгөх ёстойг хэлсэн юм.

Гаднын сургуулиудад дээрэлхлийн эсрэг журам байдаг бол манай улсын хувьд хувийн сургуулиуд энэ асуудалд анхааран сургууль дээрээ сургалт авах, журам боловсруулж хэрэгжүүлээд явж байгаа аж. Төрийн өмчит сургуулиудын хувьд гаднын төсөл, хөтөлбөрийн хүрээнд сургалтад хамрагдаж байгаа ч хууль дүрэм журамд тусгагдаагүй тул нэгдсэн журам одоогоор байхгүй юм. Мөн шинээр боловсруулагдсан Боловсролын багц хуулийн төсөлд энэ талаар тусгаж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Одоогоор байгаа хуулийн зохицуулалтуудын талаар Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Б.Батзаяагаас тодруулахад "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийн А/239 тоот тушаалын хавсралт “Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс  урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан. Энэ журамд харин яг дээрэлхэл гэдэг үгийг оруулж боловсруулсан байдаг.

3.1.Цэцэрлэг, сургууль, дотуур байрын багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдад хүүхдийн эрх, хамгаалал, харилцаа хандлагын талаар дор дурдсан чиглэлээр  нөлөөллийн үйл ажиллагааг сургууль дээр зохион байгуулна.

3.1.2.Хүүхэд хүмүүжүүлэх, хүүхэдтэй харилцах эерэг харилцааны аргад суралцах;

3.1.3.Хүүхдэд сөрөг зан үйл төлөвшихөөс урьдчилан сэргийлж, эерэг зан үйлийг дэмжих;

3.1.4. Ялгаварлан гадуурхал, ялгаатай байдлын талаарх хүүхдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулж ажиллах;

3.1.5.Аливаа хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, сэтгэлзүйн бэрхшээлийг даван туулах чадвар олгох;

3.2. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд дараах тандалт судалгааг хагас жил тутам  зохион байгуулна.

  1. Нийгэм, сэтгэлзүйн үйлчилгээ /зөвлөгөө, дэмжих үйлчилгээ/

4.5.Цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан ажиллана гэсэн дээрэлхэлтэй холбоотой заалтууд орсон" гэлээ.