Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Авто зам, халаалт бохирын шугам, машин техникийг тендер зарлахгүйгээр худалдан авах заалт оруулж ирж байна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр нийслэлийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг удаад шууд худалдан авалт хийх тухай хуулийн заалтын талаар УИХ-ын гишүүд асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Ц.Сандар-Очир "Өнгөрсөн зургаадугаар сард батлагдсан тендерийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Үерийн суваг, авто зам, халаалт бохирын шугам, машин техник тоног төхөөрөмжийг тендер зарлахгүйгээр шууд худалдан авах заалт оруулж ирж байна. Яарсан гэхэд арай хэтэрхий байгаа юм биш үү. 

Эхний улаан, ногоон автобусны асуудал нь дуусаагүй байхад тендергүй худалдан авалт хийх гэж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуульд төрийн нууцад хамаарах ажлуудыг шууд худалдан авалт хийж болно гэж заасан.

Гэтэл та нарын өргөн барьж буй хуульд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгддэг ихэнх ажлыг тендер хийх гэж байгааг би дэмжихгүй. Тиймээс зарчмын зөрүүтэй санал гаргаж тус заалтыг буцаана" гэв. 

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан "Далан шугам задрах тохиолдолд тендер хүлээгээд сууж байх боломжгүй. Ялангуяа цэвэр бохир усны шугам хуучирсантай холбоотой задрах тохиолдол нийслэлд гарч байгаа.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байгаа учраас бэлтгэл ажлаа хийх гэж байгаа юм. Жишээлбэл зогсоол дээр тоног төхөөрөмж яаралтай худалдан авч тавих, мөн бүсчилж буй газрыг камержуулах гэх мэт урьдчилж хийх ажлуудыг нэг удаад оруулж ирж байгаа юм шүү. 

Улаанбаатар хотод давсыг гараар цацаад явж байна. Ийм ичгүүртэй байдалд бид амьдарч байгаа. Энэ хүйтэнд тендер хүлээгээд сууж байвал автобустай адил шүүмжлүүлнэ. 

Автобусны тендерийг өнгөрсөн сарын 24-нд зарласан. Нийслэлчүүд автобус хаана байна, хэзээ орж ирэх юм бэ гэж асуугаад байдаг. Тендерийн хуульд баригдаад байгаа учраас аргагүй оруулж байгаа юм. Ямар нэгэн байдлаар худал хэлж, хулгай хийх зүйл байхгүй" хэмээн тайлбарлав. 

УИХ-ын гишүүн Ц.Сандар-Очир "Цаг үеийн асуудлууд тухайн үеийн онцгой байдлын тухай хуулиараа, төсөв ерөнхийлөн захирагчийн нөөцөд байдаг хөрөнгө оруулалтаар шууд гардаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хууль өөр.

Харин ч эрх бүхий албан тушаалтнуудыг шоронд орохоос нь урьдчилан сэргийлж буй хууль шүү. Хэрвээ дураараа, яаралтай хиймээр байна гээд шууд худалдан авалт хийх эрхийг нь нэг удаад өгчихвөл хууль байгаад ч хэрэг алга" хэмээн ярив.