Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбямба: Цэргийн алба хаагчид төмөр замын бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэж, ₮6-12 саяын мөнгөн хуримтлалтай болж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С.Ганбямба цэргийн алба хаагчидтай холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүргээ ёсчлон биелүүлэх ёстой. Үүний дагуу хугацаат цэргийн албыг иргэд нэг жилийн хугацаатай хаадаг.  Энэ хугацаанд зэвсэгт хүчин, дотоодын цэргийн нэгтгэл ангиудад тухайн иргэн цэргийн бага мэргэжил эзэмшиж байгаа.

Монгол Улсад ямар нэгэн зэвсэгт халдлага түрэмгийлэл болоход бүртгэгдсэн нэгтгэл анги дээрээ очиж байлдааны үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг эзэмшүүлж байна. Зэвсэгт хүчний тухай хуулиар тайван цагт хүлээх үүрэг нэмэгдсэн. Улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчид оролцож байгаа. 

Барилгын инженерийн цэргийн ангиудад алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдад энгийн мэргэжил эзэмшүүлж байна. Улмаар бүтээн байгуулалтын ажилд оролцуулснаар тухайн алба хаагч халагдахдаа өөрийн гэсэн мөнгөн хуримтлалтай болдог. 

Зүүнбаян Ханги чиглэлийн төмөр замын ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулсан. Алба хаагчид 3-6 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэж, 6-12 сая төгрөгийн мөнгөн хуримтлалтай болох сайн туршлага бий болж байгаа" хэмээв. 

Түүнчлэн "Мөн хугацаат цэргийн алба хааж буй иргэнийг жолооны курсэд суралцуулж байна. Энэ жилийн хувьд 300 гаруй залуу жолооны үнэмлэхтэй болсон. 200-250 гаруй залууд барилга, засал чимэглэл, замын зэрэг цэргийн алба хааснаасаа хойш ажлын байраар хангагдах боломжтой мэргэжил эзэмшүүлж байна" гэдгийг хэллээ.