Хиймэл оюуны технологийн салбарт тэргүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэнийг албан тушаалаас нь чөлөөлсөнтэй холбоотой үйл явдлууд үргэлжилж байна.
Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) цаашид гүйцэтгэх захиралдаа итгэл хүлээлгэх аргагүй болсон шалтгаанаар Баасан гарагт уг шийдвэрийг гаргасан юм.
Өчигдөр Майкрософт компани Сэм Олтмэнд өөрийн хиймэл оюуны хөгжүүлэлтийн төслийг удирдах албан тушаалд томилж байгааг зарлажээ. Майкрософтын гүйцэтгэх захирал Сатья Наделла тус компанийн “хиймэл оюуны шинэ судалгааны багийг Олтмэн удирдана” гэж Х хуудсандаа мэдээлсэн юм.
Тэгвэл өчигдөр бас OpenAI компанийн хэдэн зуун ажилтан төлөөлөн удирдах зөвлөлдөө эсэргүүцлийн захидал илгээсэн байна. Тэд ТУЗ-ийг өөрийг нь тарахыг, бас Сэм Олтмэнийг буцаан гүйцэтгэх захирлаар томилохыг шаарджээ.
Хэрвээ шаардлагыг нь хүлээж авахгүй бол ажлаас гарахаа тэд анхааруулсан байна.
Бас OpenAI компаниас гарсан хүмүүсийг Майкрософт ажилд авахаа амласныг уг захидалдаа дурджээ. Эндээс харвал Майкрософт компани тус компанид үүссэн хямралыг өөртөө ашигтай эргүүлэхээр шийдсэн бололтой.
OpenAI компанийн борлуулалт хариуцсан захирал Алиса Розенталь тус компанийн 770 ажилтны 735 нь захидалд гарын үсгээ зурсныг мэдээлжээ.
Тэдний дунд OpenAI компанийн үүсгэн байгуулагчдын нэг, ТУЗ-ийн гишүүн Илья Суцкевер байгаа нь анхаарал татаж байна.
Түүнийг Сэм Олтмэнийг огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэсэн мэдээлэл бий. Тэгвэл тэр өөрийн буруу байсныг өчигдөр хүлээн зөвшөөрсөн байна.
“ТУЗ-ийн шийдвэр гаргалтад оролцсондоо би одоо маш их харамсаж байна. Би OpenAI-д хор хохирол учруулахыг бодоогүй. Би хамтдаа бүтээсэн бүхэндээ хайртай. Компаниа эргэн нэгтгэхийн төлөө би бүхнийг хийх болно” гэж тэр X хуудсандаа бичжээ.
ChatGPT платформыг эзэмшигч OpenAI компанийг байгуулалцсан 38 настай Сэм Олтмэн сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж буй “generative AI” технологийн салбарын гол нүүр царай болсон юм.
Салбарын ийм нэр хүндтэй хүнийг албан тушаалаас нь огцруулсан үйл явдал дэлхийн технологийн ертөнцийг шуугиулж байна.
Зарим ажиглагчид OpenAI компани дээр өрнөж буй үйл явдлыг “төрийн эргэлт” хэмээн нэрлэж байгаа.
Компанийн ажилтнууд ТУЗ-дөө эсэргүүцлийн захидал илгээсний дараа Олтмэн “Бид бүгдээрээ цаашид ямар нэг хэлбэрээр хамтран ажиллах болно. Үүнд би маш их баяртай байна. Нэг баг, нэг зорилго” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Эндээс харвал OpenAI компанид олон тэрбумын хөрөнгө оруулж, 49 хувийг нь эзэмшдэг болсон Майкрософтын шийдвэр Олтмэнийг буцаан томилох зорилготой алхам байж болзошгүй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!