Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд улс орон даяар эхэлнэ.
Хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-нд улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ой 2024 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиох бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд зохион байгуулагддаг олон арга хэмжээний нэг.
Тэмцээн гурван үе шаттай бөгөөд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2,000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1,800 хүртэл), шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн сонирхогчид оролцох эрхтэй байдаг.
Жил бүр 6,000 гаруй шатар сонирхогч оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн 2023 оны арваннэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд улс орон даяар болж, Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны арванхоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болно. Аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1, шатарчин, нийслэлийн тэмцээнээс шалгарсан эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.
Шигшээ тэмцээн 2024 оны нэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 12 дахь удаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм.
Тэмцээний энэ шатнаас медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн Шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч, тодорхой зардлыг нь зохион байгуулагч хариуцна.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рэйтинг бодогддог байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!