Өчигдөр буюу Пүрэв гарагт нээлтийнхээ үеэр Умард Солонгосын байлдааны шинэ хөлөг эвдэрсэн нь тус улсын удирдагч Ким Жон Уныг маш их бухимдуулжээ.
Тэрбээр энэ бүтэлгүйтлийг “тэвчихийн аргагүй ноцтой гэмт хэрэг” гэж шүүмжилсэн байна.
5,000 тонны даацтай тэнгисийн байлдааны хөлгийн ёроолын зарим хэсэг хагарч, бутарсны улмаас тэнцвэрээ алдсан тухай тус улсын төв хэвлэл мэдээлсэн юм.
Нээлтэд оролцсон Ким Жон Ун ирэх сард болох намын их хурлаас өмнө хөлгийг засварлахыг үүрэгдэж, хөлгийг зохион бүтээх ажилд оролцсон хүмүүст “манай улсын нэр төр, бахархлыг хормын дотор сүйтгэсэн”-ийх нь төлөө хатуу хариуцлага тооцохыг тушаажээ.
Тэрбээр Умард Солонгосын зүүн эргийн Чонжин боомтын усан онгоцны үйлдвэрт гарсан энэ үйл явдлыг “хайхрамжгүй, хариуцлагагүй, шинжлэх ухаанч бус байдлын илрэл” хэмээн зад шүүмжилсэн байна.
Ийм хэмжээний алдаа эндэгдэл гаргасан хүмүүст Пёняны дэглэм маш хатуу, харгис шийтгэл оноох нь эргэлзээгүй юм.
Умард Солонгос өөрийн алдааны талаар нийтэд мэдээлэх нь маш ховор байдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын төв хэвлэл зургаан сарын өмнө хөөргөх үеэр цэргийн хиймэл дагуул сүйрсэн үйл явдлыг “маш том алдаа” хэмээн тодорхойлж, хариуцсан албан тушаалтнуудыг хатуу шүүмжилж байлаа.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!