• 6 сарын 11, Лхагва

Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн гадаад оюутан элсүүлэх зөвшөөрлийг цуцаллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өчигдөр Харвардын их сургуулийн гадаад оюутан элсүүлэх зөвшөөрлийг цуцалж байгааг зарлажээ.

Сүүлийн үед оюутнуудын дунд гарах болсон улс төржсөн үйлдлүүд болон сургуулийн захиргааны үүнд хандах хандлагаас шалтгаалан Трамп болон Харвардын харилцаа эрс муудаад байгаа.

Одоогоор Харвардад 6,800 орчим гадаад оюутан суралцдаг нь нийт оюутны тооны дөрөвний нэгээс илүү хэсгийг бүрдүүлдэг.

Жил бүр 1,800-2,300 орчим хүн Хятад улсаас суралцдаг байна.

Трампын засаг захиргаа гадаад оюутан элсүүлэх зөвшөөрлийг нь цуцлах болсон шалтгаанаа тус сургуулийг Хятадын Коммунист Намтай хамтран ажилладагтай холбон тайлбарлажээ.

“Харвардын их сургуулийн оюутан болон зочин солилцооны хөтөлбөрийн зөвшөөрлийг нэн даруй хүчингүй болгож байна” гэж АНУ-ын дотоод хэргийн сайд Кристи Ноем мэдэгдсэн байна.

Ингэснээр тус сургууль гадаад оюутан элсүүлэх боломжгүй болж, одоо суралцаж буй оюутнууд нь хуулийн статусаа солих, эсвэл алдах болж байгааг Ноем тайлбарлажээ.

зураг
 
АНУ-ын дотоод хэргийн сайд Кристи Ноем

Харвардын их сургуулийн гадаад харилцааны албанд ирүүлсэн албан бичигт жүүд оюутнуудад хандах хандлага, Израил улсын Газын зурваст явуулж буй ажиллагааг эсэргүүцсэн оюутнуудын хөдөлгөөнтэй холбон шийдвэрээ тайлбарласан байна.

Харин дотоод хэргийн яамны вэб сайтад нийтэлсэн мэдэгдэлдээ Хятадын Коммунист Намтай (ХКН) холбон тайлбарлажээ.

“Харвардын удирдлага Америкийн эсрэг, терроризмийг дэмжигч үзлийг өөгшүүлж, жүүд оюутнуудыг дарамтлах, бие махбодод нь халдах боломж олгосноороо оюутны хотхоны аюулгүй байдлыг алдагдуулж байна. Ийм үзэл дэлгэрүүлэгчдийн ихэнх нь гадаадын оюутнууд байдаг. Харвардын удирдлага ХКН-тай хамтран ажиллаж, Уйгарын геноцидод оролцсон ХКН-ын хагас цэрэгжсэн бүлгийн гишүүдийг хүлээн авч, сургадаг” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Харвардын их сургуулийн удирдлага хариуд нь Трампын засах захиргааны авсан арга хэмжээг “хууль бус” хэмээн буруушаажээ.

“Бид дэлхийн 140 гаруй орноос ирсэн оюутнууд, судлаачдыг сургах замаар энэ сургуулийг болон улс орноо хэмжээлшгүй хүчирхэг болгох үйлсэд тууштай зүтгэдэг” гэж сургуулийн захиргаанаас мэдэгдсэн байна.

Ноем тус сургуульд сурдаг гадаад оюутнуудын сүүлийн таван жилийн хугацаанд оролцсон арга хэмжээ, гаргасан үйлдлүүдийн талаар бүртгэлийг 72 цагийн дотор гаргаж өгөхийг шаарджээ.

Өнгөрсөн сарын сүүлээр дотоод хэргийн яам Харвардын их сургуульд холбооны засгийн газраас олгох байсан $2.7 саяын санхүүжилтийг зогсоосноо зарлаж байв.

Ерөнхийлөгч Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш АНУ-ын их сургуулиудад, ялангуяа Харвардад өрсөлдөгч Ардчилсан Намын нөлөө нэмэгдэж, хэт зүүнтний үзэл суртал түгээж байна хэмээн  шүүмжилдэг болсон юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг