Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын захиалгаар Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Хүрээлэн санхүүжүүлж “Цаг уурын горимын мэдээллийн цахим сан системийг бий болгох нь” төсөл хэрэгжин өнөөдөр хүлээлгэн өгчээ.
Уг платформыг нэвтрүүлснээр Цаг уур, орчны шинжилгээний газрын архив мэдээллийн сангийн мэдээг цахим хуудсаар дамжуулан хурдан шуурхай, хялбар байдлаар авах, төлбөр тооцоог интернэт сүлжээг ашиглан төлөх зэрэг үйлчилгээний боломж бүрдэж байгаа аж.
1985 оноос хойш хугацааны бүрэн шалгагдсан 50 мянга гаруй дата өгөгдөл бүхий мэдээний санг шинээр бий болгож уг системийг бүтээжээ.
Уг системээр дамжуулан 21 аймаг, 130 гаруй сумын, сүүлийн 40 гаруй жилийн хоног бүрийн мэдээг, нийт зургаан төрлийн элементүүдээс өөрийн хүссэн хугацааны, станцын, мэдээний нэр төрлөө сонгоод төлбөрөө онлайнаар төлөөд 2-3 минутад авдаг болж байгаа юм байна.
Төслийг 2023 оны зургаадугаар сарын 26-наас аравдугаар сарын 26-ны хугацаанд хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Хүрээлэнгээс Олон Улсын Тендер зарласан бөгөөд 10 орчим компани, аж ахуйн нэгж өрсөлдсөнөөс "Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв" НҮТББ нь шалгарч, төслийг гүйцэтгээд хугацаанаас өмнө хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|