Баасан гарагийн байдлаар Азербайжаны албан ёсны нутаг дэвсгэрт тооцогддог Уулын Карабахаас хөрш Армени улсад дүрвэж ирсэн хүний тоо 100,000 давжээ.
Тус бүс нутагт нийтдээ 120,000 орчим хүн оршин суудаг гэсэн тоо байдаг.
Арменийн ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Назели Багдасарян нийт дүрвэж ирсэн хүний тоог 100,417 гэж өчигдөр мэдээлжээ.
НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлаг бас Уулын Карабахаас дүрвэж гарсан хүний тоо 100,000 давсныг мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт явуулсан байлдааны ажиллагааны үр дүнд Азербайжан улс сүүлийн 30 орчим жил армени үндэстний салан тусгаарлагчдын хяналтад байсан Уулын Карабахыг эзэлж авсан юм.
Энэ үеэр нутгийн армени хүмүүсээс 200 орчим хүн, мөн Азербайжаны армийн хэдэн арван алба хаагч амь үрэгдсэн байна.
Бакугийн эрх баригчид Уулын Карабахыг эх оронд нь буцаан нэгтгэхдээ нутгийн иргэдийг ялгаварлан гадуурхахгүй гэдгээ амлаж байгаа.
Харин Армени улсын эрх баригчид үүнийг үгүйсгэж, “угсаатны цэвэрлэгээ” явуулж болзошгүйг анхааруулсаар байна.
Уулын Карабахын салан тусгаарлагчдын засгийн газар хөрш Армени улс болон түүний холбоотон ОХУ-ын дэмжлэгтэй оршин тогтнож байсан юм.
Тэгвэл уг засгийн газар ирэх оны эхний өдрөөс татан буугдахаа зарлаад байна.
Уулын Карабахын засгийн газрын албан тушаалтан асан Артак Бегларян “Сүүлчийн бүлэг хүн Бямба гарагт Уулын Карабахаас Армени улс руу гарч байгаа. Одоо тэнд албан хаагчид, онцгой байдлын албаныхан, сайн дурынхан, зарим онцгой тусламж хэрэгтэй хүмүүс зэрэг хэдэн зуун хүн л үлдсэн” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Энэ амралтын өдрүүдэд Уулын Карабахын нөхцөл байдалтай танилцах төлөөлөгчдөө НҮБ илгээхээр болсон. Азербайжаны засгийн газар уг төлөөлөгчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
185 СЭТГЭГДЭЛТЭЙ
|