Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"ТҮЦ-үүд яагаад Монголын үндэсний сүлжээ дэлгүүр байж болохгүй гэж. Цэвэр, үзэмжтэй болгоод хөгжөөд явж чадна"

Г.Мичидмаа, iKon.mn
2023 оны 9 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулдаг одонтой ээжүүд үзэл бодлоо илэрхийлэв.

ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулдаг ээжүүдийн төлөөлөл "Солонгосын сүлжээ дэлгүүр болох CU, GS25 шиг Монголын үндэсний сүлжээ дэлгүүр яагаад байж болохгүй гэж.

Төрөөс яагаад зөв гаргалаа хийж болдоггүй юм бэ. Хэрэв зөвшөөрлийг нь олгочихвол стандартын дагуу цэвэр, үзэмжтэй болгоод дагаад хөгжөөд явж чадна

Зээл аваад өөр зүйл хийе гэсэн ч ТҮЦ эрхлэгчдэд зээл өгдөггүй. Төслүүд ч бичиж өгч үзсэн, дээгүүрээ мөнгөтэй хүмүүс нь авчихдаг.

Төрөөс CU болон GS25 сүлжээ дэлгүүрүүдийн 58 байршилд зөвшөөрлийг нь олгож 24 цагаар ажиллаж, архи пиво, шингэн тамхи зардаг. Бүх зөвшөөрлийг улсаас олгосон. Ариун цэврийн өрөөг нь ашиглая гэхэд түгжээтэй, ажиллахгүй, засвартай гэж үргэлж хэлдэг.

ТҮЦ эрхлэгчид болохгүй бүтэхгүй юм зардаг гэж харлуулдаг. Барс, Хархорин, Нарантуул зэрэг томоохон захаас хил гаалиар батлагдаад орж ирсэн барааны хугацааг нь хараад авдаг.

ТҮЦ-ээр үйлчлүүлдэг хүмүүс байгаа болохоор өдий болтол ТҮЦ оршин тогтноод явж байна. Гаднын хөрөнгө оруулалттай тэр сүлжээ дэлгүүрүүдэд бүтэн эрхийг нь олгочхоод яагаад адилхан бидэнд эрх олгодоггүй гадуурхдаг юм. 

Өнөөдөр 55 нас хүрсэн өрх толгойлсон эмэгтэйг ажилд авах газар олдох уу. Тиймээс үр хүүхдээ тэжээж, үлгэр жишээ байх үндсэн үүргийнхээ дагуу өөрийн хөдөлмөрөөр амьдрахыг хичээж байна. Гэтэл яагаад биднийг ажлын байргүй болгон халамж руу, халамжаас улны амьдрал руу, улны амьдралаас орлогогүй болгох амьдрал руу түлхээд байгаа юм бэ.

Бид бүхэн бага мөнгөөр, багахан ТҮЦ-тээ, бага бараагаа ойр ойрхон эргэлдүүлж зардаг.

Улсаас хэзээ бид нарт тусалж дэмжиж байсан юм. Дүүрэг хороодоос гарсан эмэгтэй УИХ-ын гишүүд яагаад өндөр настай, өрх толгойлсон ээжүүдтэй уулзаж сэтгэлийн дэм, зөвлөгөө өгөхгүй байгаа юм. Эмэгтэй хүний зовлонг ойлгох болов уу гэж сонгосон, сонгосондоо ч харамсаж байна.

Бид зүгээр л үр хүүхдээ яаж хоолтой хонуулах уу гэж зүтгэдэг эцэг эхчүүд. Ядарсан ээжүүдээр битгий оролд онигоо болно. 2024 оны сонгууль хаяанд ирчихсэн байна, сонгуульд горилогчид ядарсан ТҮЦ эрхлэгчдээр оролдоод хэрэггүй.

Өнөөдөр ТҮЦ-ийг шахаж байгаа ч маргааш зургаан нэр болон найман нэрийн дэлгүүрийг шахах болно. Тиймээс төр засаг анхааралдаа авч, ажиллах нөхцөлийг хангах шаардлагатай байна" хэмээв.