Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо: Одоо энэ хурлаас гараад одонтой ээжүүд тэмцэл хийх болно

Г.Мичидмаа, iKon.mn
2023 оны 9 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Төрдөө адлагдсан одонтой ээжүүд" сэдвээр "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ноос мэдээлэл хийлээ.

ТҮЦ-ээр амьжиргаа залгуулдаг иргэдийн дийлэнх нь одонтой ээжүүд байдаг тул төр, иргэдээ хүндлэн дээлтэй ирцгээжээ.

ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны төлөөлөл "2022 оны тавдугаар сард батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам"-д дүүргүүдийн засаг даргын орлогчоор ахлуулсан зөвлөл байгуулагдан, ТҮЦ-ний байршлыг тогтоож, зөвшөөрлийг олгоно хэмээн зааж өгсөн байдаг.

Гэтэл Баянзүрх дүүрэг рэкетчидийг хөлсөлж байна. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл ТҮЦ-ний ачлага маш олон явагдаж байсан. Тэр болгонд оролцож явсан ч ийм хөлсний рэкет хийдэг хүмүүс ачлага хийж байгаагүй. 

Энэ хүмүүс харанхуй газар ална гэж заналхийлж, хэл амаар доромжилж байна. Үнэхээр ажлын хэсгийн хүмүүс бол нүүрээ халхалж маск зүүх шаардлагагүй гэж бодож байна.

Тиймээс үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд Хууль зүйн яам руу хандах гэхээр үүдээрээ оруулаагүй. Иргэний зориг гарган хэдэн ээж нар хууль зүйн яамны таван давхарт гарч, дарга нь хүлээж авч уулзах болов уу гээд очсон. Маргааш нь шүүх хурлаар арвууланг нь оруулж, зөрчлийн тухай хуулийн арга хэмжээ авхуулчихсан, 150 мянгын зөрчилтэй хэмээн төрийн бус байгууллагаараа торгуулсан.

Гэтэл төрийн тусгай хамгаалалтын газраас бид бүхэн рүү залгаад зөрчлийн хуулиараа торгуулсан ч гэсэн төрийн тусгай албан хаагчийн үгэнд ороогүй учир иргэн нэг бүрийг 250 мянган төгрөгөөр торгоно гэсэн. Торгуулчхаад 250 мянгаар дахиад торгуулна гэхээр нэг зөрчил дээр нийт 3,750,000 төгрөгийн торгууль авах гээд байна. Одоо дахиад үзэл бодлоо илэрхийлбэл барьж хорих юм уу. 

Журам дээрээ ТҮЦ-ний байршлыг тогтоон зөвшөөрөл олгоно гэж заасан байхад БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх өнгөрсөн дөрөвдүгээр сард ТҮЦ эрхлэгчтэй уулзалт хийхдээ "Манай дүүрэг ТҮЦ-гүй дүүрэг болно" хэмээн өөрөө хэлсэн нь тус журмыг зөрчиж буй асуудал.

Одоо энэ хурлаас гараад одонтой ээжүүд тэмцэл хийх болно" хэмээлээ.

Тус Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын

  • 3.1-д Дүүргийн нутаг дэвсгэрт энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах чиг үүрэг бүхий "Худалдаа, үйлчилгээг зохицуулах Зөвлөл" (цаашид "Зөвлөл" гэх) дүүргийн Засаг даргын дэргэд ажиллана.
  • 3.2-д "Зөвлөл"-ийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх бөгөөд "Зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын захирамжаар батална.
  • 3.3-д "Зөвлөл" нь дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ:
  •       3.3.1.дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.2.дүүргийн Засаг даргын Тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.3.дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.4.дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.5.дүүргийн Цагдаагийн газар;
  •       3.3.6.дүүргийн Онцгой байдлын хэлтэс;
  •       3.3.7.дүүргийн Газрын харилцааны асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.8.дүүргийн Татварын хэлтэс;
  •       3.3.9.Зөвлөлийн бүрэлдэхүүнд хүний эрх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээний чиглэлийн мэргэжлийн холбоод, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэдийн төлөөллийг оролцуулж болно" хэмээн заасан байдаг аж.