ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхболд: Утга зохиолоо үл ойшоовол яаж солиордгийг монголчууд яг одоо туулж байна

О.Дашням, Өдрийн сонин
2023 оны 9 сарын 20
Өдрийн сонин
Зураг зураг

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Доржзовдын Энхболдтой ярилцлаа.

- Өнгөрсөн амралтын өдрүүдэд номын баяр тохиолоо. Баяр ямар болов. Бусдын бүтээл бас бус зүйлс хулгайд алдагдсан гэв үү?

- Номын баярт би талархалтай явдаг юм. Зөв ажил. Гэхдээ анхаармаар асуудлууд байна. Зохиолчид номоо дэлгүүрүүдээр л борлуулдаг. Номын дэлгүүрийн 30 хувиас зугтаж л гурван өдөр суудаг. Гол нь тэнд хямдрал явагддаг. Миний роман л гэхэд номын дэлгүүрт 50 гаруй мянган төгрөгөөр зарагддаг. Өнөөдөр ийм мөнгөөр ном авч унших хүн хэд билээ. Үүнээс шалтгаалж л зохиолчид Номын баярыг зорьдог. Сая л гэхэд миний роман 50 гаруй хувиар хямдарч 25 мянган төгрөгөөр зарагдлаа.

Болсон үйл явдлын тухайд онцлоход Б.Сарантуяа зохиолчийн дээл, хэдэн ном. Б.Лхагвасүрэн гуайн номууд хулгайд алдагдлаа. Энэ бол Ням гарагт болсон үйл явдал. Үүнийг зохион байгуулагчдад мэдэгдээд өнгөрсөн. Гэтэл маргааш нь буюу Даваа гарагийн өглөө орж ирэхэд асрын үүдэнд тагтаа шувууны толгойг таслаад хаячихсан, цус нь үсэг шиг хэлбэртэй болсон байсныг хараад дотор арзганалаа.

Номынхоо нүүрэнд хөөрхөн зургаа тавиад өөрийгөө зохиолч гэж тодорхойлж байвал эндүүрэл. Сэтгэгдлүүдийг эвлүүлж хавтаслаад 20 мянган хувийг бусдад зарж болно. Худалдаж авч байгаа улс нь уншигч мөн үү гэвэл бас асуудалтай

Б.Лхагвасүрэн гуайн эхнэр Баасан гуай л гэхэд настай хүн шүү дээ. Таагүй явдал үзээд царай нь хувьсхийж байна лээ. Хонзонтой хүнийхээ гэрийн үүдэнд тагтаа алаад хаядаг явдлыг сонсож л байсан. Дээл, номоо алдсанаа зохион байгуулагчдад уламжилсны төлөө ийм зүйл хийгээгүй л гэж найдаж байна. Үүнийг би нийт зохиолчдод өгч байгаа сануулга юм уу гэж хараад уур их хүрлээ.

- 3охион байгуулагчдын үйлчилгээнд л асуудал байна даа.

- Бид чинь түрээсээ төлсөн үйлчлүүлэгч. Тэд үйлчлэх ёстой. Энэ мэтийн асуудал гарч байгаа нь үйлчилгээнд асуудал байгааг л харуулж байна. Би л гэхэд их сургуулиас ширээ гуйгаад үүрээд талбай руу очсон. Буцаж очоод хоёр сандлаа авсан. Би чинь 300-аад мянган төгрөг төлж бээлийн чинээ газарт сууж байгаа хүн шүү дээ.

- Номын баяраар зочлоход хонь хурга нийлсэн шиг л холилдсон харагдсан. Хаана ямар ном байгаа нь мэдэгдэхгүй. Ерөөсөө хэн дуртай нь зохиолч гээд том самбар бариад зогсож байх юм...

- Манай зохиолчид гэдэг нийгмийн сэтгэл зүйд дархлаа тогтоох үүрэгтэй улс. Гэтэл янз бүрийн хүмүүс гүйж ороод л өөрийгөө зохиолч гээд тодорхойлчих юм.

Г.Мэнд-Ооёо бол 40 жилийн амьдралаа утга зохиолд зориулсан хүн. Утга зохиол яруу найргаараа хоёр гурван үеийг хүмүүжүүлсэн хүн бээлийн чинээ газарт л чихэлдээд сууж байна. Хажууд нүүр амаа будсан хүүхэн ном гэхэд хэцүү юм хийгээд хөөрхөн зураг тавиад л нэг их том асарт сууж байх юм. Тэр зурганд нь татагддаг ч юм уу улсууд хэдэн номыг нь авчихдаг юм байна. Ингээд өөрийгөө зохиолч гээд тодорхойлчих юм.

Хүн мөнгөтэй байж болно. Мөнгө бүхнийг тодорхойлдог гэж хэлдэг. Би үүнтэй санал нийлэхгүй. Чи хэн бэ гэдгийг л таниулдаг эд. Мөнгөтэй гэж сагаад л том асар аваад л өөрийгөө зохиолч гэж тунхаглаж гүйдэг нь зохиолчийн ёс суртахуун биш. Зохиолч гэдгийг мэргэжлийн байгууллага тодорхойлдог. Зохиолч гэдэг чинь мэргэжил. Эмч, санхүүчтэй л ижилхэн.

Их сургуульд дөрвөн жил сураад төгсдөггүй ч амьдралаас өөрийн сэтгэхүйгээ ухаж аваад боловсруулаад, олон жилийн хөдөлмөрөө зориулаад сая нэг мэргэжлийн байгууллага нь зохиолч боллоо гэж дүгнээд Зохиолчдын эвлэлдээ элсүүлдэг. Зохиолчдын эвлэл гэдэг хэдхэн хүн нийлээд байгуулсан сайн дурын байгууллага ч биш. Сэтгүүлчдийн эвлэл гэдэг шиг мэргэжлийн байгууллага. Бие биеэсээ суралцаж явдаг мэргэжлийн институт.

Мөнгөтэй гэж сагаад л том асар аваад л өөрийгөө зохиолч гэж тунхаглаж гүйдэг нь зохиолчийн ёс суртахуун биш. Зохиолч гэдгийг мэргэжлийн байгууллага тодорхойлдог. Зохиолч гэдэг чинь мэргэжил

1990 оноос хойш зохиолчид маань дундаа хагарлаа. Институт үүргээ гүйцэтгэхээ больсон байна. Хэдхэн хүний амины байгууллага нь болж. Цагтаа олон зуун зохиолчтой, эрхлэн гаргадаг сэтгүүл нь 30 мянга, сонин нь 100 мянган хувь хэвлэгддэг том байгууллага байв. Одоо жижгэрсээр нохой бөөс шиг л юм болсон байна. Би ингэж л дүгнэнэ.

Манай залуучууд айж эмээгээд энэ талаар дуугарахгүй юм. Шагналд тодорхойлохоо больчихно гэж айдаг ч юм уу. Нөгөө талдаа залуу байхад баргийн юмыг тоодоггүй дээ.

- Зохиолч гэдэг мэргэжил гэв үү та...

- Мөн. Түүнчлэн зохиолч гэдэг доктор, профессор гэдэг шиг цол байхгүй юу. Номынхоо нүүрэнд хөөрхөн зургаа тавиад өөрийгөө зохиолч гэж тодорхойлж байвал эндүүрэл. Сэтгэгдлүүдийг эвлүүлж хавтаслаад 20 мянган хувийг бусдад зарж болно. Худалдаж авч байгаа улс нь уншигч мөн үү гэвэл бас асуудалтай. Хөөрхөн зурганд болоод авч байна. Хөөрхөнд нь болоод авна гэдгийг тэр бүсгүй мэдээд байна шүү дээ.

Хөөрхөн байна гэдэг зохиолч байна гэсэн үг биш. Хөөрхөн байна гэдэг урт сормуустай, давхраатай ч гэдэг юм уу хүүхнүүд өөрөө өөрсдийгөө үнэлээд өгсөн үнэлэмж. Үүн шиг зохиолч гэдэг мэргэжлийн зохиолч гэдэг үнэлгээ.

Жишээ нь манай Г.Аюурзана бол сайхан залуу. Аюурзаныг хөөрхөн залуу гэж хэлдэггүй. Зохиолч Г.Аюурзана л гэж хэлдэг. Л.Өлзийтөгс бол сайхан эмэгтэй. Гэтэл Өлзийтөгсийг сайхан хүүхэн гэж хэлдэггүй. Яруу найрагч Өлзийтөгс л гэдэг. Ц.Гайтав гуай бол барзгар нүүртэй хүн байсан гэдэг. Хэн ч барзгар Гайтав гэж хэлдэггүй. Яруу найрагч Гайтав л гэдэг. Энэ чинь л тэр хүнд мэргэжлийн байгууллагын өгсөн үнэлэмж, цол байхгүй юу. Үүнийг нэг өдөр л олоод авчихдаг эд биш.

Франц зохиолчийн хэдэн өгүүлбэрийг Английн ч юм уу Хятад зохиолчийн хэдэн өгүүлбэртэй хольж сүлээд бичсэнийгээ зохиол гэх. Зохиолч болчихлоо гэх. "Ногоон нүдэн лам" ч гэнэ үү ном бичээд 100 мянган хувийг зарлаа л гэдэг. Тэр хүн яриад байгаа болохоос яг 100 мянган хувь зарагдсан юм уу, хоёрдугаарт тэр хүн хойморт номоо зараад сууж байхад хажууханд нь л өнөөх нь хуучин номын худалдаанд хэд дахин хямдаар зарагдаж байх жишээтэй.

Зохиолчийн үнэлэмж гэдэг угтаа ийм. Л.Өлзийтөгс номоо хойно зарж байхад урдхан талд нь хямдарсан номд зарагдаж байвал үнэлэмж нь унаж байна л гэсэн үг. Гэхдээ тийм юм байдаггүй л байхгүй юу. Жинхэнэ зохиолчийн номыг олж авсан хүн дотроо задаргаа хийж чаддаг. Тэд чинь нийгмийн ухамсарт яаж нөлөөлөхөө тухайн номоосоо олж авсан тэлэлтээрээ өөрийгөө боловсруулаад цаана нь нийгмээ гэгээрүүлээд явж байдаг. Би мэс заслын хутга бариад хүний гэдэс, гүзээг тэмтрээд байвал хэцүү. Үүнтэй ижил нэг үзэг бариад л сараачаад би зохиолч гэж гүйгээд байх нь утгагүй.

Мэргэжлийн үнэлэмж ялгарч байх ёстой. Зохиолчдын байгууллага үүргээ биелүүлмээр байна. Сүүлийн 20 гаруй жил ажлаа хийсэнгүй. 1990-ээд онд ямар хүнийг элсүүлэх вэ гэдгээ хоорондоо ярьдаг байлаа. Татвараар цалинжиж байхын тулд тэтгэвэрт гарчихсан гайхаад явж байгаа улсыг элсүүлээд авчихдаг болж. Т эд чинь бас татвараа өгөх ухамсартай. Хамаагүй давхиж ороод л энд тэнд би зохиолч гэж гүйгээд байдаггүй, татвараа төлөөд явдаг. Үүнийг нь би нэг их буруутгадаггүй.

Нөгөө зохиолч гэх үнэлэмж чинь л унаад байгаа юм. Цаашаагаа хэн ч зохиолч болж болох нь гэх сэтгэхүйг түгээгээд байна. Энэ л аюултай. Одоо баяр бол хонь хурга нийлсэн юм шиг л байна. Зохиогч, зохиолч нь нийлчихсэн. Хийж байгаа ажил нь ялгаатай. Бичиж байгаа уран бүтээл нь өдөр шөнө шиг. Мэргэжлийн зохиолчдын эвлэл номын яармагаа сэргээгээд явах ёстой. Учиргүй холилдохоо больё.

- Утга зохиол хаягдаад байна уу. Үүний үр дагаврыг та яаж харж байна вэ?

- Зохиолчгүй нийгэм ямар болдгийг, утга зохиолоо үл ойшоовол яадгийг яг одоо туулж байна. Хэн хүнгүй фэйсбүүкт хэрэлдэж байгаа юм шиг энд ч нэг юм яриад л, тэнд очиж уриа хашхираад л галзуу юм шиг үйл явдлууд ар араасаа болж байна. Нийгэм ийм байдаггүй. Би өөрөө АНУ-д олон жил амьдарсан. Манайхны төсөөллөөр бол хоорондоо буудалцаад л алалцаж байдаг гэж төсөөлөөд байх шиг. Тийм биш.

Утга зохиол нь ангилал, ангиллаараа явж байдаг. Хэн дуртай нь өөрийгөө зохиолч гэж гүйдэггүй. Халуун шүүмж нь ч байдаг. Нэг ном гарахад зад шүүмжлүүлээд л алга болдог. Ингэж ялгардаг. Ийм л газар.

Манайд бол тараг мах, талх, гоймон будаатай, холиод нэг тийш нь шидээд байна. Мэргэжлийн бус болсны цаад шалтгаан нь шүүмж судлалгүй болсон. Ганц нэг шүүмжлэгчээ шүүхэд өгөөд хэдэн сая төгрөгөөр торгуулаад зүрхийг нь авчихсан. Мэргэжлийн зүгт нь залах сэлүүргүй л болчхож байгаа юм. Задгай талбайд модон, цаасан завинд суугаад л бид явж байна. Энэ чинь юунд хортойг харж байгаа биз дээ. Нийгмийн сэтгэл зүй солиорчихлоо. Ингэтлээ л доошоо унасан байна. Бидэнд цааш унах газар байхгүй. Одоо мэргэжлийн хүмүүст хариуцлага үүрүүлээд ажил хийлгэх ёстой.

- Номын баяр маань зохиолчдод ямар үр өгөөжтэй болж байна вэ. Зохион байгуулж байгаа ганц, нэг хүн л түрийвчээ түнтийлгээд байх шиг. Ингэхэд та Номын баяраар хэдэн төгрөгийн түрээс төлөв?

- Би 293 мянган төгрөгийг түрээсэнд төлсөн. Гурван өдөр суугаад 1.4 сая төгрөгийн ном борлуулсан байна лээ. Үүнээсээ түрээсээ хасахад 1.1 сая орчим төгрөг үлдэнэ. Эхнэртэйгээ хамт суулаа. Тогтоод суухад өлсдөг юм байна. Байсхийгээд л дэлгүүр гүйнэ. Эхнэртээ юм авна. Энэ мэтээр зардал гарна. Тэр яах вэ. Хамгийн гол нь уншигчидтайгаа уулзаж үзэл бодлоо солилцоод хөхрөлдөнө гэдэг жаргал. Үүнд л автагдаад байгаа юм. Ингэж суухыг хүссэн олон нөхөд минь байна. Яг үнэндээ амьдрал нь болохгүй юм. 293 мянган төгрөг төлөөд гурван өдөр суухад түрээсээ нөхөж чадахгүй. Үүнийгээ ч мэддэг. Ингээд Номын баярын гадна үлдэх юм.

Г.Занданшатар гэж дарга хэдэн чачир бариад л үүнийгээ хэд нугалж зохиолчдод түрээсэлнэ. Үүнийгээ утга зохиолыг ивээн тэтгэлээ, ном эрдмийн баяр хийлээ гэж ярих нь зохимжгүй. УИХ-ын дарга орж ирж байгаа бол бодлогоор дэмжих хэрэгтэй. Энэ байгууллагыг мэргэжлийнх болгоё. Үүний тулд юу хэрэгтэй байгаа юм. Эндээс эхлээд л цааш нь хөвөх хэрэгтэй. Тээр тэнд үзүүрт нь чүдэнз зурчхаад ажил хийчихлээ гээд байж болохгүй. Энэ чинь л бидний сэтгэхүй яаж доройтсоныг харуулж байгаа юм.

- Номын баяр яаж хийвэл зохиолчдод илүү үр өгөөжтэй болох вэ. Энэ талаараа жаахан дэлгэрүүлэхгүй юу?

- Ялгаад л өгчих хэрэгтэй. Мэргэжлийн зохиолчид нь нэг хийдэг. Зохиогч нь тусдаа хийдэг. Зохиолчид нь зохиогчийнхоо үйл ажиллагаанд очоод доошоо ороод сууж л байна биз. Тэр бол хүний эрх. Харин зохиогч мэргэжлийн байгууллага руу орж болохгүй. Монголын Зохиолчдын эвлэлд элсэж, үнэмлэхээ аваад, нийгэмд гүйцэтгэж байгаа үүргээ тодруулчхаад бүтээлээ бариад сууж байх ёстой. Монгол хэл шинжлэлийн эрдэмтдийн хурал дээр гудамжны нөхөр гүйж ороод цэцэрхээд байвал инээдтэй биз дээ. Инээдэмтэйгээс гадна эмгэнэлтэй.

Сэхээтэн, сэхээрэх юм байхгүй болчхоод байна. Сүүлд нь онцлоход бүгд мэргэжилтэй болъё. Мэргэжлээрээ ажиллая

Одоо ийм л болчхоод байна л даа. Би хэн билээ, Пунцагийн Бадарч хэн билээ гэдэг сэтгэхүй алга болчхож. П.Бадарч гуайн “Халх голын өглөө” шиг ганц шүлэг бичээгүй байж л зиндаархаад байна. Энэ чинь л мэргэжил гэх зүйл орхигдсонтой холбоотой. Нийгмийн бүх салбарт энэ хэрэгтэй. Үүнийг чиглүүлж тархинд нь нөлөөлж байдаг зүйл чинь утга зохиол. урлаг. Зохиолчдын бичсэн роман, шүлгээс нийгмийн сэтгэл зүй тунгалагшиж байдаг. Үүнийг л ойлгохгүй 20 гаруй жил явлаа.

Дагаад мэргэжлийн үнэлгээ гэдэг зүйл алга болонгуут зохиолчдын өөрсдийнх нь сэтгэл зүй явцуураад, дэндүү дотогшоо болчих юм. Энэ нь эргээд л нийгэмд л хортой. Нийгэм рүү тараг, мах, гоймон, будаа холиод цацаад байхад эргүүлээд бөөлжинө шүү дээ. Нийгэм галзуураад байгаа шалтгаан нь энэ. Утга зохиолтой, урлагтай ард түмний сэтгэл зүй эрүүл байдаг. Үүнийг герман болон хятадуудаас харж болно.

Үүнийг тогтооход тодорхой хэмжээний дэглэм, жор хэрэгтэй. Театр нь театр шиг, зохиолчид нь зохиолч шиг байж улстөрчдийг хүмүүжүүлдэг. Улстөрчид нь тэндээс авсан ёсзүйгээрээ дараачийн үеэ бий болгодог. Ийм юм алдагдахаар л бүгд холилдоод байгаа юм. Сэхээтэн, сэхээрэх юм байхгүй болчхоод байна. Сүүлд нь онцлоход бүгд мэргэжилтэй болъё. Мэргэжлээрээ ажиллая.

Зураг