2023-2024 оны галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан "Тавантолгой түлш" ХХК-аас түлш борлуулалтын цэгүүдийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Өнөөдрөөс нийслэлийн долоон дүүргийн 492 цэгт 118 мянган тонн шахмал түлшийг 31 тээврийн компанийн 400 орчим машинаар түгээлтэд гаргаж эхэлжээ. Энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 655 борлуулалтын цэг ажиллах юм байна.
Харин үлдсэн 163 цэгийн үйл ажиллагааг аравдугаар сарын 1-ээс үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн 98 агуулахад 100 мянган тонн, "Тавантолгойн түлш" ХХК-ийн үйлдвэрийн талбайд 18 мянган тонн түлшний нөөцтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж.
Хэвлэлийн хурлын үеэр Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал иргэдэд анхааруулга мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган айл өрхүүд галлагаагаа эхлүүлж байна. Тиймээс нэгдүгээрт яндангаа хөөлөх, ханан пийшингийн зуухнуудыг цэвэрлэх, угаарын хий мэдрэгчийг ажиллуулах ёстой.
Ихэнх айлууд угаарын хий мэдрэгчээ унтраасан байна. Угаарын хий мэдрэгч нь зайгаар ажилладаг, цахилгаанд холбогддог гэсэн хоёр төрөлтэй. Мөн угаарын хий мэдрэгчээ хаяж үрэгдүүлсэн айлуудыг зах зээлд борлуулагдаж үнээр нь олж авах шаардлага хүргүүлсэн.
Угаарын хий мэдрэгчгүй айлын түлшний картыг хаах болно. Учир нь иргэд шаардлага хүлээн авахгүй байгаа. Угаарын хий мэдрэгчгүй айлд түлш олгоод угаарын эрсдэл гарах магадлалтай.
Мөн иргэд маань өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангах ёстой. Гэрийнхээ дулаалга, агааржуулалтын хоолойг сайн шалгаарай. 70119400 утасны нэгдүгээр шугам дээр түлшний карт, угаарын хий, түгээлттэй холбоотой дуудлагыг 24 цагаар авч байгаа" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!