Хавдар судлаач эмч нарын үндэсний чуулга уулзалт Новотел зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэ үеэр “Гуравласан сөрөг, PDL1 эерэг хөхний хорт хавдарт неоадьювант хими болон дархлаа эмчилгээ хавсарч хийсэн эмчилгээний үр дүн" сэдэвт илтгэлийг ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн Хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч Н.Орхон танилцуулав.
Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжийн талаар түүнээс тодруулснаа хүргэж байна.
Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн дунд бүртгэгдэж буй хавдрын өвчлөлийн дөрөвдүгээрт хөхний хавдар орж байна.
Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой хөхний хорт хавдрын илрүүлэг жил бүр нэмэгдэж буй. Тодруулбал хөхний хавдрын 45 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа бол хоёрдугаар үеийг хүртэлх шатандаа 50 гаруй хувьтай илэрч байгаа юм.
Хамгийн гол нь эрт үеийн хөхний хавдрын илрүүлэлтийг сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ төрлийн хавдрыг эрт илрүүлснээр өвчтөний амьдрах хугацаанд нөлөөлж, бүрэн эдгээх боломжтой болно гэсэн үг.
2022 оны байдлаар манай улсад хөхний хорт хавдрын 283 тохиолдол бүртгэгдсэн. Хөхний хавдраар өвчилж буй хүмүүс ихэвчлэн ид ажиллаж, хөдөлмөрлөх насны 40-55 насны эмэгтэйчүүд байна.
Эрт илрүүлж буй хөхний хавдар дээр эмчилгээ төгс хийгдэж байгаа. Эрт үедээ илрүүлбэл мэс заслаар болон бусад эмчилгээний тусламжтайгаар хөхний хавдар эмчлэгдэх бүрэн боломжтой.
Манайхны тухайд 3, 4 дүгээр үедээ орсон хөхний хавдар нэлээд өндөр хувьтай байна. Харамсалтай нь дөрөвдүгээр үеийн задарсан хавдар төгс эмчлэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ тохиолдолд амьдрах хугацаа бага байдаг" хэмээн ярилаа.
Хувь хүн гараараа хөхний хавдартай эсэхээ шалгаад нэлээд хожуу үеийн хавдрыг л илрүүлнэ. 18 настай хүүхэд ч, 50 настай иргэн бай ямар ч насныхан урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлэгт хандах нь чухал. Надад хавдрын эрсдэл байна уу, үгүй юу гэдгийг эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэдгийг тэрбээр нэмж зөвлөв.
Үргэлжлүүлэн "Хөхний хавдрын үед оношилгоо, хими, бай эмчилгээг хийдэг.
Бай эмчилгээний хувьд Монгол Улсад хоёр төрлийн тариаг хэрэглэж байна. Эдгээр тариа нь өндөр өртөгтэй учраас даатгалаар бүрэн хариуцаж байгаа. Мөн бай эмчилгээний эмүүд орж ирсэн байдаг. Одоогоор уг эмийн эмчилгээ нь даатгалд ороогүй.
Дархлаа эмчилгээ гэж шинэ эмчилгээ дэлхийн улс орнуудад нэвтэрсэн. Дархлаа эмчилгээ шаардлагатай хүмүүс нь өөрсдөө авч байгаа нь хүндрэлтэй. Энэ эмчилгээний үед өндөр өртөгтэй тарианууд хийлгэх шаардлагатай болдог.
Би өнөөдрийн илтгэлээрээ дархлаа эмчилгээг хими эмчилгээтэй хослуулсан үр дүнг танилцуулсан. Гуравдугаар үеийн хөхний хавдартай хүнийг бүрэн эдгээсэн тухай эмчилгээний үр дүнг танилцууллаа. Өөрөөр хэлбэл Интермед, ХСҮТ болон оношилгооны зарим эмнэлгийн хамтын эмчилгээний үр дүнг хэлэлцүүлж, танилцуулсан байгаа" гэлээ.
Түүнчлэн Хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч Н.Орхон дараах зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!