Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын нэг сонин зөвхөн Тэйлор Свифтийн талаар бичдэг сэтгүүлч ажилд авахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Поп од Тэйлор Свифтийн байлдан дагуулалт Америкийн соёл урлагийн ертөнцөд томоохон үзэгдэл болоод байна.

Үүний нэг жишээ нь АНУ-ын өдөр тутмын томоохон сонин зөвхөн түүнийг хариуцсан сэтгүүлч ажилд авах зар гаргасан явдал юм.

Үндэсний хэмжээний өдөр тутмын сонин USA Today болон Теннеси мужийн орон нутгийн олон хэвлэлийг эзэмшдэг Gannett компани саяхан “Тэйлор Свифтийн сэтгүүлч” авах ажлын зар гаргажээ.

“Ажлын байранд шалгарагч нь Свифтийн аялан тоглолт болон удахгүй гарах цомгийн талаар сэтгэл хөдөлгөм мэдээлэл бэлдэхийн зэрэгцээ түүний уран бүтээл, замналын талаар сайтар дүн шинжилгээ хийх чадвартай, эрч хүчтэй, бүтээлч сэтгүүлч байх юм” гэж уг зард бичсэн байна.

Шалгарсан сэтгүүлч нь USA Today сонин болон Теннеси мужийн 200 гаруй мэдээллийн эх сурвалжийн уншигчдад поп одын тухай мэдээллийг цаг алдалгүй хүргэх ганцхан ажил үүрэгтэй байх гэнэ.

Свифтийн сэтгүүлчийн цалин цагийн $21.63-$50.87 байх ажээ.

33 настай Тэйлор Свифтийн “Eras Tour” аялан тоглолт энэ зун АНУ-д өндөрлөж, одоо гадаад орнуудад үргэлжилж байгаа.

Энэ аялан тоглолтын дараа түүнийг тэрбумтан болно гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн байгууллага хэн нэг хувь хүнд зориулсан сэтгүүлчийн ажлын байр гаргаж байсан тохиолдол маш ховор гэнэ. Ялангуяа төрийн тэргүүн, засгийн газрын өндөр албан тушаалтан бус хүмүүсийн хувьд бараг байхгүй юм байна.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
32 | 15 цаг