Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

А.Цыденов: АНУ-ын эрх баригчид Украины загвараар Монголд төрийн эргэлт хийхийг санаархаж байна

Т.Давааням, ikon.mn
2023 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов өнөөдөр Владивосток хотод өндөрлөж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр хөрш улсынхаа талаар ингэж ярьжээ.

“Украинд төрийн эргэлт хийсэн өнөөх Викториа Нуланд (АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч) өдгөө Монголын ард түмнийг, залуу үеийнхнийг сэнхрүүлэхийг оролдож байна. Одоо Монголд нөхцөл байдал маш хүнд байгаа. Энэ бол хэрэгтэй газраа хэрэгжүүлдэг АНУ-ын хоёр нүүртэй бодлогын нөлөө юм” гэж тэр РИА Новости агентлагийн сэтгүүлчид ярьсан байна.

Гэхдээ Монголчууд үүнийг ойлгож, явуулгад нь автахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Цыденов нэмж хэлжээ.

“Тусгаар тогтносон, бие даасан улс хэвээр байж, АНУ-ын утсан хүүхэлдэй болохгүй байх хангалттай хүч тэдэнд бий гэдэгт би найдаж байна. Монголчууд хүчтэй ард түмэн. Чингис хаан өөрийн цаг үед үүнийг нотолсон. Чингис хааныг байх үед АНУ хараахан байгаагүй. Тухайн үед АНУ байсан бол Чингис хаан ингэхгүй байсан гэж бодож байна. Монголчууд одоо ч гэсэн даваад гарч чадна гэж би бодож байна” гэж тэр цааш нь ярьсан байна.

 

Эх сурвалж: РИА Новости