Украин дууны аянд бүжиглэсэн Крымийн оршин суугчдаар уучлалт гуйлгуулж, Путинийг магтсан дуу дуулуулжээ
Крымийн хойгийн усан паркийн ажилтан гурван эмэгтэй саяхан ажлын байран дээрээ Украин дууны аянд бүжиглээд бурууджээ.
Тэд Украины поп од Верка Сердючкагийн “Гулянка” нэртэй дууны аянд бүжиглэж байгаад хуулийн байгууллагын хараанд өртсөн байна.
Уг дуу нь “Хэрвээ бид ингэж наргиж байгаа бол Украин хараахан сөнөөгүй гэсэн үг” гэсэн утгатай үгтэй юм.
Оросын талыг баримтлагч Телеграм хуудас тэдний бүжиглэж буй бичлэгийг анх нийтэд тарааж байжээ.
ОХУ-ын дотоод хэргийн яамны Крым дэх салбар удалгүй 19, 20, 26 настай гурван эмэгтэйн уучлал гуйж буйг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн байна.
Ингэхдээ тэдний царайг бүдгэрүүлсэн байжээ.
Тэднийг “Зохисгүй утга агуулгатай Украин дууны аянд олны өмнө бүжиглэсэн” гэж буруутгаад нийт 15,000 рублиэр ($150) торгосон тухайгаа мэдээлсэн байна.
Дараа нь бүжгийн бичлэгийг анх нийтэд дэлгэсэн Телеграм хуудас гурван эмэгтэйгээр Путиний тухай дуу дуулуулж буйг харуулсан дүрс бичлэгийг царайг нь бүдгэрүүлэлгүйгээр нийтэлжээ.
2014 онд зохиогдсон “Владимир Путин бол аугаа хүн” хэмээх нэртэй энэ дуу нь “Владимир Путин бол аугаа хүн. Тэр бол улс төрч, удирдагч, тэмцэгч. Улс орноо хөл дээр нь босгосон ерөнхийлөгч. Путин Оросоос урваагүй” гэх мэт үгтэй юм.
Эрх баригчдын эсрэг үйлдэл, үг хэл гаргасан хүмүүсээр камерын өмнө уучлал гуйлгуулж, жигшээдэг аргыг Чеченийн тэргүүн Рамзан Кадыров 2015 оноос хойш хэрэглэдэг болсон.
Тэгвэл Украины дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш энэ аргыг Орос даяар өргөн хэрэглэдэг болжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
