Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Батзориг: Торгууль, татвараа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд RFID технологийг Улаанбаатарт нэвтрүүлж байгаа. 

Радио үелзлийн давтамжийг ашиглан уншигч тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн хэмжээнд суурилуулж дууссан бөгөөд одоо тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгох ажил эхлээд байна.

Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Өнгөрсөн онд Улаанбаатар хотод RFID буюу радио давтамжийн үелзлийг ашиглан уншигчуудын дэд бүтцийг хийж дууссан. Нийт 161 байршилд суурилууллаа.

Мөн нийслэлийн нийт тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээ олгох ажил эхэлсэн. Дараагийн ээлжид орон нутаг болон импортын, бусад тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгоно. Үүнийг Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ), Үндэсний хороо, нийслэлээс хамтран хийж байна. 

Цахим гэрчилгээг эхний ээлжид нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, онцгой байдал, төрийн тусгай үйлчилгээний тээврийн хэрэгслүүдэд олгохоор байгаа. 

Нийслэлийн хөрөнгөөр 447,442 "таг"-ийг худалдан авч, суурилуулж эхэлсэн. Дараа нь ЗТХЯ 800,000 гаруй тээврийн хэрэгслийнхийг оруулж ирнэ. 

Энэ сард багтаан зорилтот бүлгийн тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээтэй болгож, ирэх саруудад иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох юм" хэмээн мэдээлэл өгөв. 

Түүний мэдээллийн дараа сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа. 

- RFID технологийг нэвтрүүлснээр иргэдийг чагнаж тагнах нь гэх мэдээлэл бий. Үүнд тайлбар өгнө үү?

- Улаанбаатар хотод нийтдээ 49 байршилд зорчилтын хөдөлгөөний мэдээллийг авдаг. Үүн дээр 161 байршил орсноор хэд хэдэн ач холбогдолтой. Чагнах тагнах гэхээс илүү энэ бол тээврийн хэрэгслийн бүртгэл. Төлбөр тооцоо цахимжих, аппликэйшнээр дамжуулж, тээврийн зохицуулалтыг цахимаар хийх ухаалаг шийдлүүдийг оруулж байна. Иргэд төлбөр тооцоогоо цахимаар хийж, аль замд ачаалал ямар байгааг бодитоор харах бололцоотой болно.

Мөн сахилга хариуцлагыг дээшлүүлнэ. Өнөөдрийн байдлаар торгууль, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг механикаар тодорхойлох боломжгүй. Тээврийн цагдаагийн алба хаагчийн тусламжтайгаар илрүүлдэг. Харин энэ төхөөрөмжүүд тавигдсанаар тухайн тээврийн хэрэгслийн зөрчил мэдээллийг харах бололцоотой болно. 

Хэрэв хуулийн хүрээнд төлбөрөө төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авна.

- Торгуулиа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцохгүй гэж ойлгож болох уу?

- Цахим гэрчилгээний түр журам гарна. Төсөл нь боловсруулагдсан.

Торгууль, татвараа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээг авах боломжгүй. 

- Авто замын түгжрэлийг бууруулах, зохицуулах боломжтой гэж байгаа. Энэ талаараа тайлбарлана уу?

- Замын хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө гэхээс илүү соёлтой, хариуцлагатай оролцохыг хянах боломжтой болж байгаа. Түгжрэл, нягтралтай холбоотой авто замын сүлжээг хараад сонгон үйлчлүүлэх боломжтой болно. Мөн сахилга, хариуцлагагүй байгаатай тэмцэх үндсэн боломж нь юм. 

Нийслэлийн тээврийн хэрэгслүүдэд хангалттай хүрэлцэх "таг" ирж байна. Харин хоёр дахь удаагаа авах, импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд олгоход тодорхой хэмжээний дутагдал гарах төлөвтэй байгаа.  

Он гарснаас хойш 61 мянган тээврийн хэрэгсэлд дугаар олгосноос 59 мянга нь Улаанбаатар хотын дугаартай байна. КОВИД-19-өөс өмнө жилд 80 мянган тээврийн хэрэгсэл импортлогдож байгаа нь гамшгийн хэмжээнд хүрлээ гэж байсан бол одоо хагас жилдээ 61 мянга болж байгаа. Тэгэхээр гаднаас орж ирэх урсгалын хэмжээнд бодлого хэрэгжүүлэхгүй бол бид замын том бүтээн байгуулалт хийгээд, шинэ автобус оруулж ирж, зарим уулзварт өөрчлөлт хийгээд үр дүн гарахгүй байгаа учир Үндэсний хороонд зарим саналаа оруулахаар бэлтгэж байгаа. 

- Түгжрэлийг бууруулахтай холбоотой хэд хэдэн замыг өргөтгөх, шинэчлэх ажлууд хийгдэж байгаа. Эдгээр нь ямар шатандаа байна вэ?

- Энэ жил төлөвлөсний дагуу дөрвөн гүүрэн байгууламжаа бүрэн ашиглалтад оруулна. Замын 11 байгууламж бий. Үүнээс долоог нь ашиглалтад оруулж, нийтийн тээврийн парк шинэчлэлээ 100 хувь хийнэ. 

Нийтийн тээвэр зорчих нэгдүгээр эгнээний хаалтыг зургаан байршилд хийж, цахим гэрчилгээний бүртгэлийн системээ энэ онд бүрэн дуусгана. Мөн зах, худалдааны төвүүдэд зарим өөрчлөлт оруулна. 

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал дээр нийслэлийн Боловсролын Газартай хамтран ажиллаж байгаа.