Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Үерийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг танилцуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Онцгой Комиссоос 13:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдлын талаар болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

НОК-ын дарга Д.Сумъяабазарын мэдээллийг хүргэж байна.

  • Улаанбаатар хотод 2023 оны долдугаар сарын 1-нээс их хэмжээний бороо орж, нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128,000 орчим иргэн, 11 байршилд гудамж зам, 108 барилга байгууламж үерт өртлөө.
  • 19,269 хэрэглэгч цахилгаангүй болж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжуудад эрсдэл үүсээд байна.
  • Төвийн зургаан дүүргийн хэмжээнд долдугаар сарын 5-8-ны 00:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
  • Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах албад болон мэргэжлийн анги, нутгийн захиргааны байгууллага, цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагын нийт 4,828 ажилтан, албан хаагч 403 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
  • Үерийн ус хальсан байршлууд дээр 80,000 шуудай, 900 м.куб элс, 300 орчим машин механизмаар хайрга шороог буулган голын даланг өндөрлөж, хүчитгэж байна.
  • 108 барилгын зоорийн давхрын усыг соруулж байна. Ус соруулах помп худалдан авах, орон нутагт ажиллаж буй уул уурхайн компанийн том хэмжээний помпуудыг татан авчирсан. Баянзүрх дүүрэгт ус соруулах шаардлагатай 27 барилга байна.
  • Нарны замыг Гандийн замтай холбосон түр замыг сэтэлж, үерийн усны урсцыг нэмэгдүүлсэн. Гурван байршилд Дунд голын голдиролыг өргөсгөсөн. Голын голдирол руу газрын зөвшөөрөл олгосноор энэ нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо,  Шанти резиденс орон сууцны барилгын суурь усанд автаж, эргийн бэхэлгээ нь нурсан. Натурын гүүрний хашлага хөндийрч нурах эрсдэл үүссэн учир хаасан. Сэргээн засварлаж байна.
  • Үерийн голомтод өндөр мэргэжлийн ажилтан, албан хаагчид ажиллаж байна.
  • Чингэлтэй дүүрэгт үерт автсан 53, Сүхбаатар дүүрэгт 52 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид Чингэлтэй дүүргээс 90, Сонгинохайрханаас 20, Сүхбаатар дүүргээс 17 айлыг нүүлгэнэ.
  • Улиастай, Сэлбэ, Туул, Тэрэлж голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хяналтдаа авч, үерээс урьдчилан сэргийлэх бэлэн байдалд байна.
  • Сэлбэ гол дахин үерлэхгүй гэх баталгаагүй. Даланг бэхжүүлэх цэгүүдийг тодорхойлсон. Эхлээд үерлэсэн далангуудаа зассаны дараа засна.
  • Туул голын усны түвшин нэмэгдэж байна. Өчигдөр орой 200 Хово машинаар хайрга шороо зөөж далан үүсгэсэн. Эхний ээлжид Туул голын байршил болох Зүүн уулын суваг буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд далангийн бэхжилт хийлээ.
  • Хан Хиллс хотхоны орчимд 280 метр урттай даланг барьж бэхжүүлэх ажлыг яг одоо хийж байна. Туул голын усны түвшин нэмэгдэж буйтай холбогдуулан эдгээр арга хэмжээг авч байгаа тул иргэд айх хэрэггүй.
  • Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5см, Тэрэлж гол 45 см, Туул гол 5см-ээр давсан мэдээллийг ирүүллээ. Туул гол, Улаанбаатар орчмын усны түвшин дахин нэмэгдэж, 270 см болох хандлагатайг мэдээлж байна.
  • Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэдэд тайлбарлахад Сэлбэ голын даланг сэтлээгүй. Долдугаар сарын 6-ны 09:00 цагт Сэлбэ голын үндсэн далан сэтрэх нөхцөл байдал үүссэн байгаа. Ингээд халилт үүссэн учир тухайн өдөр 21:00 цагт усны урсцыг тогтоосон. 
  • Хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсгүүд дүүрэг бүрд ажиллаж байгаа.Үерийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг танилцуулна. Ажлын хэсгийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян ахалж байгаа.
  • Улиастай, Туул голын нийлж буй уулзвар, Зүүн уулын суваг буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд тал, Хан Хилс хотхон орчим үерийн эрсдэлтэй. Үерийн далангууд хийж байна. Туул голын бүс рүү 1990-2000 оны эхээр газар олгосон нь хууль зөрчсөн. Болохгүйг мэдсээр байж барилга барьсан ААН-үүд, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудтай хариуцлага ярина.
  • Сэлбэ голын сав газарт 10,000 гаруй айл өрх амьдардаг.