Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Германы католик сүм хийдүүд өнгөрсөн онд 520,000 гаруй сүсэгтнээ алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Герман улсын католик сүм хийдүүд өнгөрсөн онд хагас сая гаруй сүсэгтнээ алдсан нь түүхэнд гарч байгаагүй үзэгдэл болсон байна.

Бонн хотод төвтэй Германы Бишопуудын Чуулган байгууллагын гаргасан тоо баримтаас үзвэл 2022 онд 522,821 хүн сүмийн харьяаллаасаа татгалзсан нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.

2021 онд энэ үзүүлэлт 360,000 орчим байсан гэнэ.

“Католик сүм хийдүүд бүхний нүдний өмнө алгуур амьсгал хурааж байна” гэж дээрх байгууллагын төлөөлөгч Томас Шуллер хэвлэлд ярьжээ.

Германы католик сүм хийд 2022 оны байдлаар нийтдээ 21 сая сүсэгтэнтэй байсан нь тус улсын хүн амын 24.8 хувь болдог юм байна.

Католик сүм хийдүүдтэй холбоотой хүүхдийн хүчирхийллийн хэргүүд, тэдгээрийг нуун дарагдуулах оролдлогуудын тухай дуулиан сүсэгтнүүдийг үргээх болсон юм.

Сүүлийн үед ижил төстэй дуулианд нэр холбогдох болсон Протестант сүм хийдүүд ч сүсэгтнүүдээ алдах болжээ.

2022 онд тус сүм 380,000 орчим сүсэгтнээ алдсан байна.

Герман дахь протестантуудын тоо өнгөрсөн оны байдлаар 19.5 сая орчим байжээ.

Сүсэгтнүүд Католик сүмээс явах олон шалтгаан байдаг ч өнгөрсөн онд Кёльн хотын хийдтэй холбоотой хүчирхийллийн дуулиан “гал дээр тос нэмсэн” гэж Шуллер үзэж байна.

Сүсэгтнүүдээ алдсанаар сүм хийдүүд санхүүгийн хувьд асар их хохирол амсаж байгаа юм.

Өөрийгөө протестант, католик, июдейн шашинтан гэж үздэг бүх герман хүн татварын албандаа бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Тэд өөрийн харьяалагддаг сүм хийдэд орлогынхоо 8-9 хувийг хандивладаг юм.

Сүмээс гарч буй сүсэгтнүүд орон нутгийн татварын газартаа биеэр очиж бүртгэлээс нэрээ хасуулах ёстой ба ингэхдээ нэг удаа 30 еврогийн хураамж төлдөг байна.

Сүм хийдийн татварыг анх 1919 онд Германд хуульчилж байжээ.

Хөрш Австри улс Нацист Германд эзлэгдсэнийхээ дараа 1939 онд мөн ийм хуультай болсон нь өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian