Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Томоохон далан дэлбэрсний улмаас Украины өмнөд бүс нутаг үерт автжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Украины өмнөд бүсийн томоохон усны далан дэлбэрсний улмаас нутгийн ард иргэд үерийн аюулд нэрвэгджээ.

Украин, Оросын талууд даланг дэлбэлсэнд харилцан нэгнээ буруутгаж байна.

Оросын цэрэгт эзлэгдсэн Херсон муж дахь Нова Каховкагийн далан нь 30 метр өндөр, 3.2 км урт үргэлжилдэг бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын үед буюу 1956 онд Днепр мөрний өмнөд хэсэгт байгуулагдаж байжээ.

Уг далан нь АНУ-ын Юта мужийн Их Давст нууртай (Great Salt Lake) тэнцэх хэмжээний ус агуулдаг ба 2014 онд ОХУ-д нэгтгэгдсэн Крымийн хойгийг усаар хангадаг юм. Бас Оросын цэргийн хяналтад байгаа Запорожийн цөмийн цахилгаан станцад ус нийлүүлдэг байна.

Усны хурд, хэмжээ, сүйтгэлийн цар хүрээ, үерт автаж болзошгүй газруудыг тооцоолж байгаагаа Украины арми фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ.

Украины зэвсэгт хүчний өмнөд тойргийн командын төв даланг Оросын талаас их буугаар буудаж сэтэлсэн гэж мэдээлсэн байна.

Харин Москвагаас томилогдсон Нова Каховка хотын захирагч даланг Украины талаас буудаж дэлбэлсэн гэж ярьсныг Оросын мэдээллийн хэрэгсэл дамжуулжээ.

Европ тивийн хамгийн томд тооцогддог Запорожийн цөмийн цахилгаан станцад одоогоор аюул учраагүй байгааг ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Москвагаас томилогдсон Херсон мужийн захирагч усны түвшин таван цагийн дотор аюултай түвшинд хүрэхээр байгаа бөгөөд нутгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлснээ хэвлэлд ярьжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүссэн гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдаан зарласан байна.

Далангийн дэлбэрэлт Украины армийн сөрөг давшилтад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Өмнө нь дайтагч талууд харилцан нэг нэгнээ “даланг дэлбэлэхээр төлөвлөж байна” хэмээн буруутгаж байсан юм.

Тухайлбал Оросын тал даланг дэлбэлж, үерийн гамшиг зохиомлоор үүсгэж болзошгүйг ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн оны аравдугаар сард анхааруулж байжээ.

Энэ оны хоёрдугаар сард Нова Каховкагийн далангийн усны нөөц нэлээд багасаж, Запорожийн цөмийн станцын реакторуудыг хөргөж чадахгүй хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд мэдээлж байсан юм.

Харин тавдугаар сарын дундуур орсон аадар бороо, хайлсан цасны нөлөөгөөр далангийн усны түвшин хэвийн хэмжээндээ хүрсэн байна.

Днепр мөрний дагуу Беларусийн хилээс Хар тэнгисийн эрэг хүртэл нийт зургаан далан байдгийн тав нь Украины засгийн газрын хяналтад байгаа.

Хамгийн өмнөд захын далан нь Нова Каховка бөгөөд одоо Оросын цэргийн хяналтад байдаг юм.

 

Эх сурвалж: Reuters