Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Израилын компани Тоёота цахилгаан автомашиныг бараг 2,000 км зогсоолгүй явуулж чаджээ

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

2013 онд байгуулагдсан Израилын Electreon стартап компани Тоёота үйлдвэрийн цахилгаан хөдөлгүүрт автомашиныг бараг 2,000 км зогсоолгүй явуулж чадсан тухайгаа зарлажээ.

Тус компани асфальтан замыг утасгүй цэнэглэгчээр тоноглож, дээгүүр нь зорчиж буй автомашиныг явуут дунд нь цэнэглэх технологийг хөгжүүлдэг юм.

Electreon компани өөрийн хөгжүүлж буй технологийн чадавхыг харуулахын тулд дээрх туршилтыг зохион байгуулжээ.

Үр дүнд нь туршилтын автомашин бүрэн цэнэглэгдсэнийхээ дараа туулдаг замаас бараг тав дахин урт зам туулсан байна.

“Туршилтын зорилго нь бидний бүтээсэн зүйл бол технологи биш, бэлэн бүтээгдэхүүн болсныг харуулах байлаа” гэж Electreon компанийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Орен Эзер ярьжээ.

Тэд туршилтдаа plug-in hybrid загварын Toyota RAV4 Prime автомашиныг ашигласан байна. Ийм автомашин бензин, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй. Гэхдээ батарейг нь ердийн цахилгаан эх үүсгүүрээр цэнэглээд бензин шатаалгүй явах боломжтой байдаг.

Туршилтын үеэр автомашин бензин хөдөлгүүрээ огт ашиглаагүй бөгөөд тойрог зам дээр 100 цагийн турш явахдаа нэг л удаа жолоочоо солих гэж зогсжээ.

Гэхдээ туршилтын зам бүхэлдээ биш, 25 хувь нь л цэнэглэгчээр тоноглогдсон байсан гэнэ.

Хурдны зам дээр цэнэглэх чадвар нь илүү өндөр байхыг Electreon компанийн мэргэжилтнүүд баталж байна.

Цахилгаан хөдөлгүүрт автомашины хувьд нэг гол бэрхшээл нь туулах зайн хязгаар байдаг.

Өнөөдрийн байдлаар зах зээлд борлуулагдаж буй автомашинуудаас бүрэн цэнэглэлтээр хамгийн урт буюу 830 км замыг Lucid Air Grand Touring загвар туулдаг юм.

Ихэнх автомашинуудын хязгаар 320-480 км хооронд хэлбэлзэж байгаа. Энэ тохиолдолд 2,000 км зам туулахдаа автомашиныг цэнэглэхийн тулд тус бүр 30-60 минутын хугацаагаар хэд хэдэн удаа зогсох шаардлагатай болно.

Томоохон автомашин үйлдвэрлэгчид утасгүй цэнэглэгдэх чадвартай бүтээгдэхүүн зах зээлд гаргахад 2-3 жил шаардлагатай гэж Electreon компанийн удирдлагууд үзэж байна.

зураг
 

 

Эх сурвалж: Business Insider