Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сансрын аялалд хүнийг урт хугацаагаар унтуулах боломж ойрхон байгааг эрдэмтэд туршилтаар харуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд алс холын сансрын аялалд яваа хүмүүс ичиж буй амьтан шиг удаан хугацаагаар нойрсож буй тухай дүрсэлдэг.

Тэгвэл ингэх боломж ойрхон байгааг хэсэг эрдэмтэд саяхан туршилтаар батлан харуулжээ.

Тэд хэт авианы импульсээр хулганын тархинд нөлөөлж, зохиомлоор ичих горимд оруулж чадсан байна.

Хулгана нь байгалиасаа ичдэггүй амьтан тул уг аргыг хүн дээр ч хэрэгжүүлэх боломжтой гэж эрдэмтэд дүгнэжээ.

“Хэрвээ энэ арга хүмүүст бас хэрэгжих боломжтойг баталбал ирээдүйд сансрын нисгэгчдэд тусгай дуулга маягийн зүйл өмсгөөд урт хугацаагаар унтуулдаг болно” гэж АНУ-ын Сэнт Луйз дахь Вашингтоны Их сургуулийн дэд профессор Хон Чэн тайлбарлажээ.

Түүний удирдсан судлаачдын баг эхлээд тархины гүнд оршдог “hypothalamus preoptic area” хэмээх хэсгийн байрлалыг тогтоосон юм байна.

Энэ хэсэг ичилтийн үед биеийн температур, бодисын солилцоог зохицуулах үүрэгтэй ажээ. Ингээд хэт авиагаар тархины энэ хэсэгт нөлөөлж, ичих үйл явцыг зохиомлоор идэвхжүүлсэн байна.

Туршилтын үеэр хулганын биеийн температур Цельсийн 3 хэмээр унаж, бодисын солилцоо нь нүүрс ус, өөх тосыг хэрэглэх горимоос зөвхөн өөх тос шатаах горимд шилжжээ.

Мөн зүрхний цохилтын хурд нь 47 орчим хувиар багассан байна.

Үүний үр дүнд туршилтын хулгана Цельсийн 33 хэмийн биеийн дулаантайгаар 24 цагийн турш ичилтийн горимд оржээ.

Харин хэт авианы нөлөөг зогсооход хулгана буцаад сэрсэн байна.

Ижил туршилтыг хархан дээр амжилттай явуулснаа судлаачид “Nature Metabolism” сэтгүүлд нийтлэгдсэн тайландаа өгүүлжээ.

Чэний баг одоо илүү том амьтан дээр туршилтыг явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Энэ арга техникийг зөвхөн сансрын аялалд биш, бас зүрхний шигдээс, цус харвалтын үеэр өвчтөний бодисын солилцоог удаашруулах замаар эрсдэлээс сэргийлэхэд ашиглаж болохыг Чэн ярьж байна.

Стокхольмын Их сургуулийн профессор Мартин Ястрок туршилтыг “том нээлт” гэж магтаад энэ аргыг онолын хувьд хүмүүст хэрэгжүүлэх боломжтойг онцолжээ.

“Бидэнд байгалиасаа үлдэгдэл чадвар байж магадгүй юм. Энэ туршилтаас өмнө хэн ч үүнийг аюулгүйгээр турших талаар бодож байсангүй” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian