Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн сөрөг хүчний намууд шинэ парламентын ордны нээлтэд оролцохгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улс парламентын шинэ ордонтой болсноо Ням гарагт нээхээр төлөвлөжээ.

Гэвч тус улсын сөрөг хүчний 19 нам уг нээлтийн арга хэмжээнд оролцохгүйгээ мэдэгдээд байна.

Ерөнхий сайд Нарендра Моди шинэ ордныг нээх юм. Гэтэл сөрөг хүчний намууд үндсэн хуулийн дагуу Энэтхэгийн хамгийн өндөр албан тушаалтан болох тус улсын ерөнхийлөгч ордныг нээх ёстой гэж үзэж байгаа ажээ.

Сөрөг хүчний 19 нам Лхагва гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ ордны нээлтэд оролцохгүйгээ илэрхийлсэн байна.

Энэхүү чухал үйл явдлыг ерөнхий сайд Моди өөрөө нээхээр болсон нь Энэтхэгийн ардчилалд шууд халдсан “ноцтой доромжлол” гэж тэд дүгнэжээ.

Мөн сүүлийн үед батлагдсан маргаантай хуулиудыг хэлэлцэхэд сөрөг хүчний саналыг сонсолгүй, хэлэлцүүлгийг нэр төдий зохион байгуулах болсныг тэд эсэргүүцсэн байна.

“Ардчиллын амин сүнс нь парламентад устчихаад байхад шинэ байрны үнэ цэнийг бид ойлгохгүй байна” гэж намуудын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

Энэтхэгийн дотоод хэргийн сайд Амит Шах шинэ ордны нээлтэд бүх намуудыг урьсныг мэдэгдээд уг үйл явдлыг улс төржүүлэхгүй байхыг сөрөг хүчнийхэнд уриалсан юм.

Өндөр зардлаар боссон парламентын шинэ ордон анхнаасаа олон янзын эсэргүүцэлтэй тулгарч байв.

Тухайлбал хуучин ордноо засаж сэлбэхийн оронд шинээр барих болсныг нь сөрөг хүчнийхэн болон олон нийтийн зарим төлөөлөл эсэргүүцэж байсан юм.

HCP Design, Planning and Management компанийн зураг төслөөр Tata Projects компанийн босгосон шинэ ордны төсөв 9.7 тэрбум рупи ($117 сая) гэнэ.

 

Эх сурвалж: BBC