Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхий сайд Монголоор дайрах хийн хоолойн төсөлдөө нааштай хариу сонсолгүй Хятадаас буцлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустиний энэ долоо хоногт Бээжин хотод хийсэн айлчлал өндөрлөлөө.

Энэ үеэр тэр Монголоор дайрах байгалийн хийн хоолойн төсөлдөө нааштай хариу сонсож чадалгүй буцаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Арваад жилийн өмнө Москвагийн эрх баригчид “дорно зүгт хандах” бодлогынхоо хүрээнд Хятадын зах зээлд эрчим хүчний экспортоо эрс нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн юм.

Үүний нэг гол хэсэг нь Сибирийн Ямалын хойг дахь байгалийн хийн ордоос Монгол улсын нутаг дэвсгэрээр дайруулан Хятадын зах зээлд хүрэх “Сибирийн хүч 2” дамжуулах хоолойн төсөл байлаа.

2019 онд ашиглалтад орсон өмнөх “Сибирийн хүч 1” төсөл нь 2024 онд хамгийн дээд багтаамждаа тулж, жилийн дамжуулалт нь 38 тэрбум шоо метр хүрэх юм.

Гэхдээ энэ хоолой нь зүүн Сибирь дэх ордоос Хятад руу хий дамжуулдаг, Европын зах зээлээс хамааралгүй. Харин “Сибирийн хүч 2” төсөл нь Европын зах зээлд хий нийлүүлдэг баруун хойд Сибирийн Ямалын хойгтой холбогдох тул Оросын эрх баригчдын хувьд Өрнөдийн хоригийн нөлөөг бууруулах чухал ач холбогдолтой юм.

зураг
 

Украины дайн эхлэхийн өмнөхөн буюу Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нар эрчим хүчний хамтын ажиллагааны 25 жилийн гэрээ байгуулж байв.

Үүнд “Сибирийн хүч 2” хоолойн төсөл багтаж байжээ.

Гэвч тэр үеэс хойш Оросын тал энэ төслийг эхлүүлэхэд бэлэн байгаагаа олон удаа илэрхийлсэн ч Бээжингийн эрх баригчид хариу өгөхгүй байгаа юм.

Энэ оны гуравдугаар сард Хятадын тэргүүн Москвад айлчлах үеэр Оросын тал “Сибирийн хүч 2” хоолойн төслийг эхлүүлэхэд бэлэн болсныг зарласан ч Бээжин энэ талаар огт ам нээгээгүй өнгөрсөн.

Үүнтэй зэрэгцэн Хятадын эрх баригчид байгалийн хий импортлох бусад төсөл дээр идэвхтэй ажиллаж байна.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Шиань хотод болсон Хятад-Төв Азийн дээд чуулганы үеэр Туркменистанаас хий импортлох “D шугам” гэгддэг төслийн гэрээнд Ши Жиньпин гарын үсэг зуржээ.

Энэ нь Туркменистанаас Хятад руу хий дамжуулах дөрөв дэх хоолой юм. Өмнөх гурван хоолойгоор өнгөрсөн онд Туркменистанаас Хятад руу нийтдээ 35 тэрбум шоо метр хий нийлүүлсэн байна.

Харьцуулбал “Сибирийн хүч 1” хоолойгоор дамжуулсан хийн хэмжээ 16 тэрбум шоо метр байжээ.

“Сибирийн хүч 2” хоолойн төсөл хэрэгжиж чадсан ч Оросын тал Европын зах зээлийн алдагдлаа нөхөж чадахгүй гэж судлаачид үзэж байна.

Учир нь Украины дайны улмаас хүч нь суларсан Орос улс өөрөөсөө илүү том эдийн засагтай Хятад улстай Европын зах зээлд нийлүүлдэг байсан шигээ өндөр үнээр наймаалцаж чадахгүй гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: Financial Times