Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

F-16 сөнөөгч онгоцоо Украинд илгээхийг АНУ зөвшөөрлөө

Т.Давааням, ikon.mn
2023 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ өөрийн үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч нисэх онгоцыг Украинд нийлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа.

Японы Хирошимад болж буй “Их Долоо” бүлгэмийн дээд хэмжээний чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ийм шийдвэр гаргасныг Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

Ингэснээр АНУ нь өөрийн үйлдвэрийн орчин үеийн байлдааны нисэх онгоцыг Украин руу давхар экспортлохыг холбоотон улсууддаа зөвшөөрч байгаа юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхийг олон сарын турш Өрнөдийн холбоотнуудаасаа хүсэж байлаа.

Тэрбээр өчигдөр АНУ-ын шийдвэрийг “түүхэн”, “манай армийн хүчин чадлыг тэнгэрт эрс нэмэгдүүлэх” шийдвэр гэж тодорхойлжээ.

“Украины агаарын хүчний чадавхыг сайжруулах зорилгоор F-16 зэрэг дөрөвдүгээр үеийн сөнөөгч нисэх онгоцнууд дээр Украины нисгэгчдийг сургах холбоотнуудынхаа хүчин чармайлтыг АНУ дэмжиж ажиллах болно. Ойрын саруудад сургалтыг хэрэгжүүлсний дараа хэн, хэдэн ширхэг онгоц нийлүүлэх асуудлыг бид ярилцаж шийднэ” гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Өнөөдрийг хүртэл АНУ-ын засаг захиргаа Украинд сөнөөгч нисэх онгоц илгээхээс татгалзаж, газарт ашиглах зэвсэг техникийг нийлүүлж байсан юм.

Украины арми онгоцноосоо олон бэлтгэгдсэн нисгэгчтэй гэдэг. Гэхдээ орчин үеийн сөнөөгч онгоцыг эзэмшихийн тулд ямар ч туршлагатай нисгэгч дөрвөн сарын сургалтад хамрагдах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

F-16 бол АНУ болон Европ, Ойрх Дорнодын олон орны зэвсэглэлд хамгийн түгээмэл ашиглагддаг сөнөөгч онгоц юм.

Хэдийгээр илүү орчин үеийн F-35 загварыг үйлдвэрлэж эхэлсэн ч F-16 өргөн ашиглагдсан хэвээр байгаа.

Их Британи, Нидерланд, Бельги, Дани улсууд АНУ-ын шийдвэрийг талархан хүлээж авч буйгаа өчигдөр мэдэгджээ.

Их Британи улсад F-16 байдаггүй, өөрийн үйлдвэрийн нисэх онгоцоор армиа зэвсэглэсэн байдаг. Гэхдээ Украины нисгэгчдийг сургах сургалтын төвийг нутаг дэвсгэр дээрээ байгуулах боломжтойг тус улсын ерөнхий сайд Риши Сунак мэдэгдсэн байна.

Дани улс мөн Украины нисгэгчдийг сургахаа мэдэгдсэн ч нисэх онгоц нийлүүлэх эсэх талаар байр сууриа хараахан илэрхийлээгүй юм. Тус улсын арми нийт 40 ширхэг F-16 сөнөөгч нисэх онгоцтой.

Дайн эхлэх үед Украины арми 120 орчим сөнөөгч онгоцтой байсан гэх мэдээлэл бий. Эдгээр нь бүгд Зөвлөлтийн үеийн хуучин МиГ-29, Су-27 загварууд байжээ.

1970-аад оны үед эхний загвар нь үйлдвэрлэгдсэн F-16 онгоц дууны хурднаас хоёр дахин өндөр хурдаар нисэж, агаар болон газар дахь байд цохилт өгөх чадвартай юм.

Өмнө нь НАТО-гийн гишүүн зүүн Европын орнууд Зөвлөлтийн үеийн хуучин сөнөөгч онгоцнуудаа Украинд илгээж байв.

 

Эх сурвалж: BBC